Гэр бүлийн эдийн засгаа хурдан сэргээж, мөнгө хурааж, эд баялагтай болохын тулд заавал боловсрол шаардлагатай гэсэн өрөөсгөл бодлоосоо хамгийн түрүүнд салах хэрэгтэй.
Ганцхан хотынхон сайхан амьдраад, их хэмжээний мөнгө олдог юм биш. Ажлын байргүй мянга мянган иргэн их хотын гудамжинд хэрхэн баяжих тухай бодолд автан, тархиа гашилган алхацгаадаг. Ер нь бол баяжихыг хүссэн хүн бүхэнд боломж бий. Хорвоогоор дүүрэн боломж байдаг.
Хөдөө нутаг бол маш бага зардлаар мөнгөжих, баяжих хамгийн том боломжуудыг агуулдаг гол цэг юм. Жинхэнэ эрүүл агаар, эрүүл экологийг түшсэн хүнс, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн, худалдаалах хэдэн арван энгийн боломжууд яг энд л бий. Үйлдвэр гэхээр хэт том зүйл бас бодоод хэрэггүй.
Шулуухан хэлэхэд хөдөөгийн эрүүл хөрс, эко орчноос, суусан газраасаа алт атган босох, хамгийн хурдан амьдралаа сэргээх, мөнгө хураах энгийн хэрнээ сэтгэлд шууд буух хэд хэдэн аргыг UPDOWN сайт та бүхэндээ цувралаар хүргэж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүнээс ашиг олох бизнес
Супермаркетуудын лангуунд өрөөтэй бараа бүтээгдэхүүнийг экологийн цэвэр хүнс, тэр тусмаа сүү, сүүн бүтээгдэхүүнүүд өнгөлөн тэргүүлдэг. Хамгийн найдвартай, хамгийн эрүүл хүнс учраас хамгийн эрэлттэй байгаа юм.
Сүүн бүтээгдэхүүний ашиг тусын талаар мэдэхгүй монгол хүн үгүй. Таван хошуу малын сүүг боловсруулан ашиглах нь монголчуудын хэзээний танил уламжлалт үйлдвэрлэл юм. Ганцхан үхрийн сүүгээр цагаан идээ бэлтгэдэггүй. Говийнхон хонь, ямаа, тэмээний сүүгээр тос даасан ааруул үйлдвэрлэсэн байдгийг монголчууд сайн мэднэ.
Хөдөөгийн малчид сүүгээ боловсруулж цагаа идээ бэлтгээд хэвшвэл дөрвөн улирлын турш мөнгөөр тасрана гэж байхгүй. Олон малтай малчид зундаа саалчин хөлслөөд ажиллуулбал өөрийн үйлдвэрлэж чадах хэмжээнээс хамаагүй их хэмжээний бүтээгдэхүүн гаргах ч боломжтой.
Манайх малгүй юм чинь ийм бизнес хийх нь бүтэхгүй мөрөөдөл гэж бүү бодоорой. Малгүй байсан ч цагаан идээ үйлдвэрлэнэ гэж зорьж байгаа бол хамгийн гол нь чухал түүхий эд болох сүүг тасралтгүй нийлүүлэх хамтрагчийг олох нь чухал. Хөдөөгийн олон иргэд сүү худалдан авах шаардлагагүй болохоор зэх зээл дээр зарах ашигтай гэж боддог учраас энэ урсгалыг барьж аваад цагааны идээ боловсруулах үйлдвэрлэлийг чөлөөтэй эхэлж болно. Үнэхээр ч гэрийн нөхцөлд сүү дахин боловсруулах бизнес муугүй орлого авчирдаг.
Малын сүүгээр:
-Өрөм, шар тос
-Аарц, шар сүү
-Зуслангийн бяслаг, жимстэй бяслаг
-Цөцгий, цөцгийн тос
-Хүүхдүүдэд зориулсан тараг, (таргаа байгалийн гаралтай жимсээр амталсан ч болно)
-Ааруул, ээзгий гэх мэт төрөлжсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Гол нь бүтээгдэхүүн амт чанартай байх нь чухал. Нутаг нугадаа үнэ цэнэтэйд тооцогдсон хувь хүний брэнд цагаан идээ зэргэлдээ орон нутгуудад ч хялбархан танигдана. Архангайн цагаан идээ гэхээр монголчууд эргэлзээгүй худалдаж авдаг шиг ийм сонголт Таныг хүлээх боломжтой.
Олсон орлогоосоо жижиг бизнесээ дэмжих тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан хөрөнгө хадгалаад үлдэхэд гэмгүй. Үүний ачаар өрхийн үйлдвэрлэлээ ЖДҮ болгон өргөжүүлнэ гэсэн үг юм. Хийе гэсэн сэтгэл байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй.
Гол нь бүтээгдэхүүнээ орон нутгийн дэлгүүр, хүн ам шигүү суурьшсан газруудаар түгээн борлуулах арга зам хайх хэрэгтэй. Томоохон худалдааны зах, хүн орж гардаг дэлгүүрийн лангуу бүтээгдэхүүнээ хамгийн найдвартай борлуулах цэг юм.
Үргэлжлэл бий…
Бид хөдөө орон нутагт мал маллангаа эдийн засгийн эрх чөлөөг өөртөө бий болгох сэдлүүдийг та бүхэндээ өгөх болно. Хүн амын хэт нягтаршил бий болсон хотод стресс дунд амьдрах уу? Уудам тал нутагтаа өөрийн ажлын байрыг бэлдэн стресс бухимдалгүй амьдрах уу гэдэг таниас өөрөөс чинь шалтгаална.
О.ИРЭЭДҮЙ