Монгол Улс энэ оны эхний есөн сард 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум ам.долларт хүрснийг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Үүнээс экспорт 5.1, импорт 3.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Өмнөх жилийн мөн үед гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол ийнхүү 100 сая “ногоон”-оор буурсан аж. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам.доллароор багасав.
Экспорт 799, импорт 670 сая “ногоон”-оор буурснаас ийм үзүүлэлт гарсан байна. Экспорт дээрх хэмжээгээр буурахад зэсийн баяжмалынх 254.7, нүүрснийх 961.2 сая ам.доллароор хумигдсан нь голлон нөлөөлжээ. Тэгвэл импорт дээрх хэмжээгээр буурахад автобензинийнх 62.1, дизелийн түлшийнх 202.9, суудлын автомашиных 124.5, ачааны автомашиных 80.5 сая “ногоон”-оор багассан нь нөлөөлсөн гэнэ.