Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Булган сумын Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус цогцолбор сургуульд олимпын наадмын анхны алтан медальт, Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр суралцан төгсөж байжээ.
2020-2021 оны хичээлийн жилд тус сургууль нь 1360 суралцагч, 103 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн музей, бөхийн танхим, олимпын аваргын суралцан төгссөн анги танхим, спорт заалаар зочиллоо. Бөхийн танхимд 6-18 насны 20 гаруй хүүхэд жүдо, үндэсний бөхөөр хичээллэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.