Энэ удаагийн орон нутгийн сонгууль ерөнхийдөө нам тайван. УИХ-д нэгэнт үнэмлэхүй олонх болсон, өнгөрсөн дөрвөн жилд ч орон нутагт олонхиороо засагласан МАН ялалтандаа итгэлтэй бардам, сөрөг хүчин гэгдэх АН эвлэршгүй дайсан байсан МАХН, үүрнээс нь бэлтрэг суйлах мэт тусдаа нам байгуулан нанчилдаж байсан ШИНЭ-тэй эвлэлдсэнд нь гишүүд нь хүртэл итгэхгүй шахам. Мөн л сөрөг хүчин болох болов уу гэж найдлага тавьж байсан ХҮН хоёр тамга, хоёр даргатайгаа манарсаар сурталчилгааны хугацаа талдаа ороод байхад сая нэг юм сурталчилгаагаа эхэлсэн гээд өрсөлдөгчгүй гэмээр сонгууль болох гэж байна.
Нэгэнт МАН үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа шахуу үед УИХ-ын сонгуульд чихцэлдэж байсан бие даагчид сураг чимээ үгүй. УИХ-ын сонгуульд маанийн эрхи шиг 108 бие даагч өрсөлдөж байсан бол энэ удаад нийслэл, улсын хэмжээнд хоёрхон нэр дэвшигч өрсөлдөж буй. Уг нь НИТХ-д ганц бие даагч ялалт байгуулж байсан түүх бий. Гэвч хяналт хамгийн их шаардлагатай байгаа энэ үед бие даагчид “нуувч”-инд орсон нь цаагуураа тохироо хийсэн, басхүү хүч тэнцвэргүй тулаанаас ихэнх нь шантарч айсан гэлтэй.
Нээрээ ч хоёрхон нэр дэвшигчийн хувьд бүхэл бүтэн эрх баригчдын арми, төрийн аппараттай өрсөлдөнө гэдэг ямархуу тулаан болохыг эхнээсээ харуулж байна. Гандан бууршгүй ганц дайчин ураны эсрэг тэмцэгч гэдгээрээ алдаршсан Жанын Ганбаатарын сурталчилгааны самбарууд халдлагад өртөж, хүч мөхөсдөж байгаагаа олон нийтийн сүлжээнд өгүүлжээ. Жанын Ганбаатарын хувьд уран, хөрсний бохирдлын эсрэг тэмцдэгээрээ зартай, Ноён уулын зовлонтой урт зам туулсан маргааныг анх олон нийтийн сонорт хүргэсэн, гайгүй сайн “заргач” гандан бууршгүй тэмцэгч. Тэр хэрээрээ ч ганцдахгүй “дайсан”-д тооцогдож буй учраас ийн самбартай нь ч болтугай “дайн зарлаж” байгаа юм болов уу. Бүх нэр дэвшигчдийн самбар цэмбийж байхад ганцхан түүний самбарыг л сийчиж, нурааж байгаа нь нэгийг өгүүлж л байгаа болов уу?
Ингэхэд ИТХ-ын 13 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 8,9,10,11, 25,28, 40,42 дугаар хорооныхон нь ганц бие даан нэр дэвшигчээ ингэж “дээрэлхүүлж” байгааг мэдэж байгаа болов уу? Ганц дайчин ганцаарддаггүй л гэдэг сэн, уг нь.