Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг УИХ-д өргөн барьжээ.
Японы Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай 25 тэрбум иеийн зээлийн дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ажлын хэсэгтэй урьдчилсан хэлэлцээ хийж, зээлийн зориулалт болон санхүүжилт олгох урьдчилсан хуваарийг тохиролцсон байна. Тус байгууллагын Захирлуудын зөвлөл өнгөрсөн есдүгээр сарын 8-нд Монгол Улсад яаралтай тусламжийн зээл олгохыг дэмжжээ.
Монгол Улсын Засгийн газар, Японы Засгийн газар хооронд “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээлийн солилцох ноот бичигт энэ сард гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа аж.
Энэхүү яаралтай тусламжийн зээлийг дараах байдлаар зарцуулах юм байна.
- Татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дэмжпэг үзүүлэх,
- Иргэдийн амьжиргааг дэмжих хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх,
- Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох,
- Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжин мөнгөн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээнүүд үүнд хамаарна.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авах 25 тэрбум иенийн (ойролцоогоор 233 сая ам.доллар) зээлийн эргэн төлөх хугацаа нь 15 жил юм байна. Эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь жилийн 0.01 хувь ажээ.