Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө.
/Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг/
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар бид гадаадын 81 улсаас 23354 иргэнийг эх орондоо авчраад байна.Үүнээс 84 удаагийн тусгай үүрийн нислэгээр 16816 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Энэ сард 11 удаагийн нислэг үйлдэнэ. Эхний нислэг Нурсултан-УБ-ын нислэг амжилттай хийгдсэн байна.
Гадаад харилцааны яам элчин сайдын яамаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо мэдээллийг тухай бүрд авч, шинэчилж ирсэн. Энэ мэдээллийг бид илүү нарийвчилж, нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй буюу хүнд нөхцөлд байгаа гадаад гацсан гэх тодотголд хамрагдах иргэдийн тоо мэдээллийг гаргаж байна.
Өнөөдрийн байдлаар нэн яаралтай буцах буюу 10-р сард буцах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Үүнээс 2500 орчим нь БНСУ-п байна. Нийт нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 9000 орчин байна. Үүнээс нэн яаралтайг нь авч үзвэл АНУ-д 205, Европоос Яаралтай буцах хүсэлтэй иргэдийг оруулбал 4900 орчим иргэн болж байна. Энэ сарын нислэгүүдээр урьдчилсан байдлаар 2760 иргэнийг авчирна гэж төлөвлөж байна.
Хүйтэн болсон учир тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгай хоолойгоор дамжуулан нисэх буудлаар дамжуулан тусгаарлаж байна.
Корона вирус цар тахлаас сэргийлэх ажлын хүрээнд Монгол улсыг Засгийн Газар, УОК авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний хүрээнд 2020 оны 1-р сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн визийг зогсоогоод байсан.
Цар тахлын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж нэн шаардлагатай Монгол Улсад ирэх хүсэлтэй албаны болон бизнесийн шугамаар ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох зөвшөөрлийг УОК удирдлагаас өгсөн.
Монголд богино хугацааны буюу 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан дахин 30 хүртэлх хоногоор нэг удаа визээ сунгуулж болох юм. Үндсэндээ гадаад улсын иргэн Монгол Улсад дээд тал нь 60 хоног байж болно.
Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд бизнесийн шугамаар болон албан ажлын шугамаар ирэх хүсэлтэй гадаадын иргэдийн мэдээллийг ГХЯ-ны консулын газарт хандаж бичгээр гарах шаардлагатай. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай” гэлээ.
Л.Баяр