Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлсэн хөл хорио есдүгээр сард түр завсарлаж, есдүгээр сард Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хичээл эхэлснээр Улаанбаатар хотын автозамд түгжрэл үүсэх болов. Есдүгээр сарын 21-нд бүх сургуулиуд ердийн хуваарийн дагуу хичээллэж байгаа. Гэвч өчигдөр (2020.09.30) Нийслэлийн автозамд битүү түгжрэл үүсч хотын замд “тэг” зогсолт боллоо. 17.00 цагт ажил дээрээсээ гарсан иргэн шөнийн 22.00-23.00 цагт гэртээ харьж, нийгмийн сүлжээнд хотын автозамын “тэг” зогсолттой холбоотой гомдол, мэдээлэл тасарсангүй.
Нийслэлийн хүн амын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэх ёстой болсныг үйл явдал харуулж байгаа боловч одоогоор Нийслэлийн удирдлагууд энэ талаар ам нээж амжаагүй байна. Хотын замын түгжрэлийг бууруулахын тулд:
-Албан байгууллагуудын ажил, сургууль эхлэх болон дуусах цагийг зөрүүлэх асуудлыг судлан шийдэх,
-Их дээд сургуулийг ажлын ачаалал ихэсдэг Даваа, Мягмар гаригт амрааж, Бямба, Ням гаригт хичээллүүлдэг болох,
-Улаанбаатарын автозамын түгжрэлд томоохон дэмжлэг үзүүлж байгаа орон нутгийн дугаарт хязгаар тавих гэх мэт оновчтой шийдлийг хэрэгжүүлэхгүй бол Улаанбаатарын амьдрал тэр чигээрээ зогсож, иргэдийн бухимдал хэтэрч, хотын удирдлагууд сайн нэр дуулах нь “нүдний гэм” болох төлөвтэй.