Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн модератор Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулсан “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй байхад чиглэх үндэсний хөтөлбөрийг сайжруулан хэрэгжүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийн үргэлжлэл болгож англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарах суурь асуудлыг хөндөх зорилготой энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна хэмээн тэмдэглэв.
Улсын Их Хурлын Ц.Мөнхцэцэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ ЕБС /ерөнхий боловсролын сургууль/-д англи хэл заах цаг, сургалтын чанар, үр дүнг улс орнуудын жишигтэй харьцуулан судалсан судалгааны дүнгээс танилцуулж, сургалтын бодит үр дүнг олон улсын түвшинд хүргэх зорилготой ажиллаж байгааг онцолсон юм.
Үргэлжлүүлэн эрдэмтэн судлаачид, багш нар “ЕБС дахь англи хэлний хөтөлбөр, боловсролын чиг хандлага”, “Боловсролын салбар дахь англи хэлний бодлого, хэрэгжилт, үр дүн”, “Англи хэлний багш нарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд”, “Багшийн мэргэжил, чадварыг хөгжүүлэх, арга зүйн ур чадварыг дээшлүүлэх”, “Багшийн хөгжил, үнэлгээний аргаар англи хэлний сургалтын чанарыг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлээр 1912 онд Богд хаант улсын Засгийн газар Гадаад хэргийн яамныхаа харьяанд бага сургууль байгуулж орос, англи хэл зааж эхэлсэн цагаас хойш Монгол хэлний тухай хуулийн дагуу 2015 оноос ЕБС-д гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заах болсон хүртэлх түүхийг хуваалцсан зэргээр англи хэлний сургалтын талаар өргөн хүрээнд хөндсөн юм.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцож байр сууриа илэрхийлэв.
Мөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлсэн. Оролцогчдын саналыг англи хэлний сургалтын чанар, үр дүнг сайжруулахад төдийгүй хүүхэд бүрд сургалтыг тэгш, хүртээмжтэй хүргэхэд чухал хувь нэмэр болно гэдгийг хэлэлцүүлгийг санаачлагч Улсын Их Хурлын гишүүд тэмдэглэлээ.
Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны удирдлагууд, тус яамны харъяа агентлагууд, төрийн өмчит болон төрийн бус өмчийн их дээд болон, ЕБС –иуд, англи хэлний сургалтын байгууллагуудын төлөөлөл, Хэлний бодлогын зөвлөл, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн докторууд зэрэг боловсролын бүх шатны байгууллагын төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцсон байна.