Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монголбанк хооронд хамтран ажиллах гэрээг өнөөдөр /2020.09.03/ үзэглэлээ.
Гэрээ байгуулсанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэвтрүүлж буй E-Mongolia цахим порталаар дамжих төрийн бүхий л үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэх бөгөөд энэхүү томоохон төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм. Өөрөөр хэлбэл, төрийн 181 төрлийн үйлчилгээний төлбөр Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд шилжих юм.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Төрийн үйлчилгээний төлбөр тооцооны асуудал удаан хугацаанд яригдаж, өнөөдөр шийдэгдэж байна. Иргэд аль нэг банкнаас үл хамааран өөрийн үйлчлүүлдэг арилжааны банкны тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах төлбөр тооцоог хийх боломж бүрдэж байна.”
Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар: “Монголбанк Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Гэрээний хүрээнд банкны харилцагч төлбөрийн картаараа төрийн үйлчилгээг бүрэн авах боломж бүрдэж байна. Монголбанк төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг 2016 оноос эхлүүлж, арилжааны банк, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өмнө нь төрийн үйлчилгээг харьяалагдах төрийн байгууллагаас нь авдаг байсан бол Засгийн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар E-Mongolia гэсэн цахим нэгдсэн порталыг бий болгож байна. Энэ хүрээнд төрийн бүх үйлчилгээ, түүнийн цахим төлбөр тооцоо E-Mongolia цахим платформоор явагдана гэж ойлгож болно. Монголбанк төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт зохицуулалтыг хийх бүрэн эрх бүхий байгууллагын хувьд банк хоорондын бүх гүйлгээ, системийг ажиллуулдаг. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг авч буй иргэдийн картаар хийх төлбөр тооцоо нь Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулагдаж, баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд шилжих юм”.
Төрийн үйлчилгээ, тэр дундаа төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тэр дундаа лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон дамжлага дамжиж, тэдгээр үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд банканд давхар дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх дарамт байсаар ирсэн. Энэ нь цаг хугацаа алдах, үргүй зардал үүсгэх замаар иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсгэж байсан юм. Хэдийгээр төрийн зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн хэдий ч төлбөр төлөх үйлчилгээ нь цахимжиж чадахгүй байсан нь төрийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжих боломжийг хязгаарлаж байв.
Тус нөхцөл байдлыг өөрчилж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монголбанктай хамтран ажиллах гэрээг ийнхүү үзэглэв.