Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилсан “Жаргалтай гэр бүл” төслийг Чингэлтэй дүүргийн XI дүгээр хороонд хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь залуу гэр бүлээ дэмжсэн хөтөлбөр юм. Тодруулбал, залуу хосууд харьяа хороондоо гэр бүл болж батлуулахдаа хуримын хувцастай, тусгайлан тохижуулан орчинд дурсгалын зураг татуулдаг болж байна.
Намрын эхэн сарын шинийн наймны бэлэгт сайн өдрийг тохиолдуулан тус төслийг эхлүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн XI дугаар хороонд гэр бүлээ батлуулж батламжаа авсан залуу хосуудад гэнэтийн бэлэг барьж хуримын ёслолыг үйлджээ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Гэр бүл батлалтыг хороо болгонд бүртгэлийн ажилтан бүртгэж батламж гардуулдаг болсон. Үүнээс үүдэн хосууд хороондоо очоод батлуулчаад батламжаа аваад зүгээр гараад явчих биш хороондоо хуримлах ёслол үйлдэж, тулгадаа галаа бадраагаад, албан ёсны ёслолын хувцас болох хуримын хувцастай дурсгалын зураг татуулан, амьдралд ганцхан тохиох нандин мөчөө зурганд буулгаж авч үлдээсэй гэсэндээ энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Дашрамд хэлэхэд “Жаргалтай гэр бүл” төслийг дэмжиж бүхий л талаараа хамтарч ажилласан Чингэлтэй дүүргийн XI дүгээр хорооны Засаг дарга Д.Уянгаадаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бидний гэнэтийн урилгыг хүлээн авч биднийг дэмжсэн хоёр залуу хос болон гэр бүлийхэнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ