ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг урьж, ярилцлаа.
ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АНХААРЧ АЖИЛЛАНА
– Бид ШӨХТГ-ын чиг үүргийг тодорхой ойлгох хэрэгтэй. ШӨХТГ бол тохируулагч агентлаг. Тухайн салбарын холбогдох хууль, тогтоомжид уялдуулан бодлого тодорхойлдог газар. Нөгөө талаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Харин олон нийт ШӨХТГ гэхээр хяналт шалгалт хийдэг газар л гэж ойлгоод байна.
Зөвхөн аж ахуй нэгжүүдийн хоорондох өрсөлдөөнийг зохицуулдаг байгууллага гэж боддог. Архи пиво, шатахууны үйлдвэрүүдийг зохицуулах ёстой гэж хардаг. Энэ нь өөр ойлголт юм. Тэгэхээр нэн тэргүүнд бид ШӨХТГ-ын зүй тогтол, соёл, нийгэмд харагдах байдлыг ойлгомжтой болгох хэрэгтэй.
Монгол Улсын хувьд шударга өрсөлдөөн, хэрэглэгч хоёроо нийлүүлж агентлаг байгуулсан. Энэ хоёр байгууллагыг 2008 онд нийлүүлсэн. Үүнээс өмнө шударга өрсөлдөөний газар, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэж тусдаа байв. Нэг талдаа байгууллага аж ахуй нэгж, төр хамааралтай ч юм шиг. Нөгөө талдаа иргэд хамааралтай ч юм.
Тэгэхээр бодлого, хууль эрх зүйн орчныг зохицуулах төвшинд нэлээд мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй байна. Япон, Солонгос, БНХАУ-д гэхэд хяналтын систем нь нэг явдаг. Би өмнө нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Энэ газрыг гаднаас нь хараад хэрэглэгчээ хэтэрхий орхигдуулжээ гэж хардаг байв.
Хүн болгон шударга өрсөлдөөн л гэж ярьдаг. Хэрэглэгч гэдэг үг нь ч байдаггүй. Тэгэхээр одоо бид хэрэглэгчийнхээ систем дээр түлхүү анхаарна. Мөн дээрийн хэлсэнчлэн агентлагийнх нь шинж чанарыг тодорхой болгох хэрэгтэй. Хэрэгжүүлэгч биш тохируулагч агентлаг юм. Гэтэл хэрэгжүүлэгч тал руугаа 95 хувь нь явчихсан.
Тохируулагч талдаа хангалтгүй байна. Үе үеийн дарга нарын удирдах арга барилаас бас шалтгаалдаг. Т.Аюурсайхан гишүүнийг дарга байх үед энэ байгууллага бодлогын маш их хэмжээний зүйлийг хийж чадсан. Лхагваа дарга маань ч бодлогын шинж чанартай ажиллагааг олон нийтэд зарлаагүй л болохоос нэлээд түлхүү явуулсан байна. Одоо бид энэхүү бодлого дээр тулгуурлан хэрэглэгч, аж ахуйн нэгж, төр гээд тал талдаа маш их мэдрэмжтэй ажиллах ёстой.
ӨРСӨЛДӨӨНИЙ ЗӨВ ЗАРЧМЫГ БИЙ БОЛГОНО
Блиц:
♦ 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн.
♦ Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, МХЕГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар мөн ажиллаж байв.
-Өнөөдөр төр өөрөө бизнесийн байгууллагынхаа өрсөлдөгч болчихоод байна. Тэгэхээр ШӨХТГ төрийн зарим бодлого чиглэл дээр хязгаарлалт тавьдаг байх тийм тогтолцоонд шилжих ёстой. ХХААХҮЯ трактор худалдаж аваад зарах ямар хэрэг байна.
Бизнесийн байгууллагуудтайгаа өрсөлдөж яах юм. Төр өөрөө бодлого тодорхойлж, хууль, эрх зүйн орчныг шударга өрсөлдөөнийх нь хэлбэр дээр байлгах ийм л зохицуулалтыг хийх хэрэгтэй. Өөр нэг жишээ хэлэхэд, Монголын мэдээлэл технологийн салбарт жилдээ 280 орчим сая ам.доллар эргэлдэж байна.
Энэ нь программ хангамж, мэдээлэл технологийн салбарын байгууллагуудын хөгжих боломж юм. Гэтэл яамд агентлагууд, орон нутагт ЗДТГ нь мэдээлэл технологийн төвүүдийг байгуулсан байдаг. Тэгээд олон улсын төсөл хөтөлбөрөөр орж ирсэн төслүүдийг төрийн байгууллага нь авч байна.
Төр ингэж гаднаас хөрөнгө оруулах процесс дээр хүртэл ажиллаж байна. Энэ нь бизнесийн зарчим, эрх зүйн орчинд халдаж байгаа асуудал юм. Тэгэхээр манай газар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төр хувийн хэвшил, ах ахуй , иргэн хоорондын харилцаанд өрсөлдөөний зөв зарчмыг бий болгохоор ажиллана.
ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТНА
-Монгол Улс нэг л Үндсэн хуультай. Дагалдах 600 гаруй хууль, тогтоомж нь хэрэгжиж байна. Энэ дотроос Өрсөлдөөний тухай хуульд оруулах нэмэлт оруулах шинэчлэсэн найруулгын төсөл нь УИХ дээр байгаа. Энэ хуулийн төслийг буцааж татах асуудал яригдаж байна.
Хуульд зайлшгүй оруулах шаардлагатай хэд хэдэн өөрчлөлт дутуу, өргөн баригдсан. Тухайлбал, нэг компани өөрийн ижил төстэй компанитай нийлж нэгдэх процесс дээр аль нэгэн монопол компанийнх нь нөлөөлөл хэр байх вэ гэдэг асуудалд манайхаас судалгаа гаргадаг. Тэр судалгаагаар монополийн шинж чанартай байвал бид хуулиар хориглож байна.
Харин монопол компани өөр нэгтэй нэгдэж нийлэх биш охин компани үүсгээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд явахад хязгаарлах хууль зүйн зохицуулалт байдаггүй. Ялангуяа банкны салбарынхан энэ хуулийн цоорхойг маш сайн ашигладаг. Ямар ч банкнаас зээл авахад барьцааг үнэлүүлж байна. Орон сууцаа барьцааллаа гэхэд заавал даатгуулах шаардлага тавина.
Гэтэл нэг том банк хажуудаа үнэлгээний компани байгуулаад зөвхөн өөрийнхөө үнэлгээний газраар үнэлүүлж, зөвхөн өөрийн дэргэдэх даатгалын компаниар даатгуулаад зээл өгөх системийг бүрдүүлчихээд байна. Гэтэл бусад даатгалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд яах юм. Энэ нь монопол давамгай компаниуд зах зээл дээр ажиллаж байгаа жижиг газруудыг боломжийг булааж байгаа хэрэг мөн. Тэгэхээр үүнийг бид Өрсөлдөөний тухай хууль дээр тусгахаас өөр аргагүй.
БЛОКЧЕЙН КОМПАНИУДЫГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛНА
-Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг хийхээр “Е-Mongolia” хөтөлбөрийг зарлаад явж байна. Үүн дээр орох ёстой нэг гол зүйл нь цахим мэдээллийн сан үүсгэх юм. Өнөөдөр манай яам бүр өөрийн сантай. Агентлагуудад ч байна.
Тэр нь УБЕГ, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газарт хамааралгүй ийм систем байгаа. Харин өнөөдөр дэлхий дахинаа блокчейн технологийн компаниуд олноороо үүсч байна. Энэ нь бие даасан байгууллага хоорондын цахим мэдээллийг санг нэгдүгээрт үүсгэдэг, дараа нь хуваалцдаг ийм систем.
Энэ төрлийн компаниудын өрсөлдөөнийг яаж зохицуулах уу, монопол давамгай байна гэдгийг яаж тодорхойлох уу гээд хэрэглээнээс үүсч байгаа өөрчлөлтүүдийг Өрсөлдөөний тухай хууль оруулах хэрэгтэй. Мөн энэ хуульд төр бизнесийн байгууллагуудынхаа өрсөлдөгч болсон энэ системийг яаж өөрчлөх вэ гэдгийг тодорхой оруулж, зохицуулах ёстой.
Нэг талдаа хязгаарлаж, нөгөө талаар бизнесийн байгууллагууд, иргэдээ дэмжиж чөлөөт зах зээлийн нийгмийг дэмжих ийм байдлаар өөрчилж, Өрсөлдөөний тухай хуулийг дахин өргөн барихаар санал өгсөн.
ИМПОРТЫН АВТАМАШИНЫ МЭДЭЭЛЛИЙГ OPEN DATA БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
– Бодлогоо зөв тодорхойлоогүй, эрхзүйн орчин байхгүйгээрээ нэг талдаа төр буруутай. Би ажлаа хүлээж аваад иргэдийн хэрэгцээ шаардлагад чиглэсэн хэд хэдэн ажил эхлүүллээ. Олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Тэр бүхнийг шүүн тунгааж хүлээж авч байна.
Дарга гэдэг нь ухаан гэдэг үг биш. Дарга болохоороо л ухаантай царайлаад суугаад байж болохгүй. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ засаад явах хэрэгтэй. 2-3 газарт зөвлөмж хүргүүллээ. Банк бус, ломбард дээр хяналт шалгалт хийлээ. Гэхдээ коронавирусын үеийг их сайн бодолцох хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд хэцүү байдалд байна.
Торгоод хянаад, хаагаад явах эрх үүрэг бидэнд бий. Гэхдээ эхний ээлжинд бид аль болох зөвлөн туслах үйл ажиллагаа явуулна. Дараа нь сануулаад хэлээд яриад байхад гөжөөд байвал бид арга хэмжээг аваад явна.
Хамгийн сүүлд миний бие ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Тухайн улс орнууддаа осолд орсон машиныг тээвэрлэн авчирч засч янзлаад зарж байна. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй байдалд нөлөөлдөг. Хэрэглэгч шинэ машин хэмээн бодож худалдан авсныхаа дараа осолд орсныг нь мэддэг.
Энэ асуудал дээр бид шийдлийг нь гаргахаар ажиллаж байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газартай хамтарч ажиллана. Гаднаас тээвэрлэгдэн ирж буй бүх машин, техникийн мэдээллийг нэг дата дээр бөөгнүүлэх ажлыг хийж байна. Арлын дугаар хэзээ ч өөрчлөгддөггүй. Тухайн иргэн машиныг худалдан авахдаа арлын дугаарыг нь уншуулж үзэх хэрэгтэй.
Ингэж оpen data хийх хэрэгтэй. Тэгвэл иргэд маань осолд орсон уу, гэдгийг нь харах боломжтой болно. Бид энэ тухай мэдээллийн системийг нэг болгоно. Энэ бол төрийн үүрэг. Түүнээс биш тухайн машины худалдах худалдан авахтай холбоотой асуудалд төр оролцох гээд байгаа асуудал огт биш.
МӨНГӨ ХҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ, ХУУЛИА ДАГАЖ МӨРДӨХ ЁСТОЙ
-Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй гэдэг акцыг эхлүүлсэн. Хэрэглэгч сэтгэл ханамжтай байх ёстой. Бид хэрэглээгүй барааны тухай ярьж байгаа шүү. Өөрөөр хэлбэл, долоо хоног өмссөн бараагаа буцааж болох тухай яриагүй.
Харин хэрэглээгүй барааг буцааж болох тухай яриад байгаа юм. Мөн ломбардын үйл ажиллагааг хянаж эхэллээ. Ломбард барьцаанд тавьж буй эд зүйлсийг маш бага үнээр үнэлдэг. Нэг сая төгрөгийн эд зүйлийг 300 мянган төгрөгөөр авна гэдэг ч юм уу.
Мөн ломбардтай байгуулж буй гэрээ хэлцлийн асуудал бий. Ломбардын эрх ашгийг хэт хамгаалсан байдаг. Ийм асуудал байж болохгүй. Цаашлаад барьцаанд буй эд зүйлийг захиран зарцуулахтай холбоотой асуудалд ломбард хэтэрхий их хүч түрэн хэрэглэж байна.
Иргэний тухай хуульд нийт зээлсэн төлбөрийн 50 хувиас хүү, алданги хэтэрч болохгүй гэж заасан. 100 мянган төгрөг зээлчихээд эргүүлж 150 мянган төгрөг авах ёстой. Гэтэл өнөөдөр 100 мянган төгрөгийн зээл олгочхоод буцаагаад 300 мянган төгрөг болгон авч байна.
Сүүлдээ тухайн хүний машиныг гэр оронг булааж авч байна. Ингэж мөнгө хүүлэхийн зөвшөөрөхгүй, хуулиа дагаж мөрдөх ёстой. Сургалтын төлбөрийн асуудлыг ч хөндөөд байна. Сургуулиуд бүтэн жилээр нь төлбөрөө нэхэж байна. Нэг талдаа эцэг эх хүүхдийн асуудал болчихоод байна. Нөгөө талдаа сургалт өгч байгаа боловсролыг байгууллагын асуудал.
Аль аль нь манай байгууллагатай хамааралтай. Эрх ашгийг нь хамгаалах ёстой. Яг яагаад бүтнээр нь төлбөрөө авах гээд байгааг ойлгохгүй байгаа. Багш нарынхаа цалинг бүтэн жилээр нь өгөх гээд байгаа юм уу. Дулаан, цахилгааны мөнгөө бүтнээр нь өгөх гээд байна уу ямар асуудал байна. Түүнийгээ гаргаад ир гээд асуудлыг нь сонсож байна.
Манай байгууллага зөвлөн туслах үйл ажиллагааг заавал хийх ёстой. Мөн бид цахимаар гомдол авдаг систем рүү орно. Төрийн албан байгууллагатай холбоотой гомдлыг ихэвчлэн дотор нь ажилладаг ажилтан гаргадаг. Тэгэхээр тухайн ажилтан өөрийнхөө нэр усыг хэлээд гомдол гаргахгүй.
Тиймээс хуурамч хаяг болон бусад зохицуулалтыг хийх мөн төрийн албатай холбоотой гомдлыг нэр, усгүй хаягаас ирүүлсэн ч хүлээн авдаг байна. Сошиалд хамгийн түгээмэл ашиглагдаж буй платформ буюу фэйсбүүк, твиттер хаягаасаа ШӨХТГ-ын хаяг руу гомдлоо таглахад бид шууд хүлээж авах программыг хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин