УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Тэрбээр “Монгол Улсад Ковид-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Төслийн хүрээнд үндсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, коронавируст цар тахлын тархалтын үед шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдана” гэлээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс “Энэ зээл нэн хөнгөлөлттэй зээлийн төрөлд багтана. Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зээл болгож гаргана. Ингэхдээ зээлийг банкаар дамжуулан олгох бөгөөд иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн зээлийг хоёр жил хүртэл хугацаатай олгоно.
Мөн зээл авах хүсэлт гаргасан иргэн, бичил бизнес эрхлэгчдэд ур чадвар олгох болон ажлын байр хайж байгаа иргэдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулахад зарцуулна. Харин зээлийн хүүг Дэлхийн банктай хийсэн хэлэлцээрийн дагуу сүүлийн 3 жилийн инфляцын түвшний дунджаар тооцож тогтооно. Зорилтот бүлэг нь 18-34 хүртэлх насны залуучууд, эмэгтэйчүүд, мөн орлого багатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой гишүүн байхаар тогтоосон” гэсэн юм.
Улмаар Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонх нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлт болон тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэх юм.
УИХ-ын ХМОНХХ