ХУУЛЬЧДЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙХ БОЛОЛЦООГ НЭЭЖ ӨГЧ БАЙНА
Монголын хуульчдын холбоо гэх нийтийн эрх зүйг хангах, хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх байгууллага өөрөө хууль зөрчсөөр байгаа нь татан буулгах үндэслэлтэй юм.
Монголын Хуульчдын холбоо мэргэжлийн үүргээ хангалттай сайн биелүүлж байна уу?
Монголын хуульчдын холбоо нь бүх хуульчийг нэгтгэсэн, хуульчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг, бие даасан мэргэжлийн холбоо байх үүрэгтэй боловч хууль дээдлэх ёс хэрэгжихгүй, авилга ихтэй байна гэдэг бол нийт хуульчдын нэр хүнд төдийлөн өндөр биш, хуульчид мэргэжлийн үүргээ хангалттай сайн биелүүлэхгүй байгааг илтгэж байна.
Монголын хуульчдын холбоо гэж нийтийн эрх зүйн байгууллага гэдэг статустайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн давуу эрх олгогдсон төрийн бус байгууллага нэг байгаа юм.Тус холбооноос гаргасан Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журамыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр хууль зөрчиж, үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж байна гэсэн үг. Энэ нь дараах хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 50-р зүйлийн 50.3-т Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэж заасан заалтыг мөн “Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам” гэх захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны хэм хэмжээний актын 59.1.-д заасанаар “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.. .”- гэдгийг мэдсэн хэдий ч Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, удирдлагууд нь дээрхи маргаан шийдвэрлэх журмыг МУ-ын Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, хүчин төгөлдөр болох дэс дараалсан шаардлагуудыг хангагдсаны дараа хэрэгжүүлэхгүйгээр, хуулиар албаны чиг үүргээ биелүүлэлгүй өнөөг хүртэл уг хүчин төгөлдөр бус журмаар 319 гаруй хуульчдыг ямар нэг байдлаар шийтгэж, эрх мэдэл албан тушаалын чиг үүргээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосоор ирсэн байна.
Монголын Хуульчдын холбоо хуулийн ямар заалтыг зөрчөөд байна бэ?
Ер нь бол хуулийг зөвхөн улсын дээд шүүх л тайлбарлан. Би бол тайлбарлаагүй хуулийн ямар зүйл заалтыг зөрчөөд байгааг л хэлээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд бөгөөд Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ)-ийн 64.3.-т заасан ”Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ”, хуулийн 65.1. ”Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.”, 67.2.”Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.” гэснийг ноцтойгоор зөрчиж маргаан шийдвэрлэх журмыг бүртгүүлж, хүчин төгөлдөр болгох ажиллагааг зориудаар явуулаагүй байна.
Тиймээс ЗЕХ-ийн 67.3. ”Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн хуулийн заалт бүхий ЗЕХ 2015 оны 06 сарын 19-ний өдрөөс хуульчлан батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгааг мэдсээр байж эрх зүйн үйлчлэлгүй журмыг баримтлан шийтгэл оноох ажиллагаа явуулж 319 гаруй өмгөөлөгчдийн сэтгэл санаанд шахалт дарамт үзүүлж, нэр төр алдар хүндийг нь гутаасан байдлаар олон нийтэд гэм буруутай мэтээр зарлаж, түгээж байх тул Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог хуулийн дагуу шалгаж, шийтгэл оногдуулах нь туйлын зөв гэж харж байна.
Одоогоор Монголын Хуульчдын холбоо нь бусад мэргэжлийн холбоодоос эрх зүйн хувьд ямар давуу байдалтай ажиллаж байгаа бэ?
Монгол Улсын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн хэрэгжиж буй хуулийг нэгмөсөн дагаж мөрдөнө гэж хуульд бичээстэй байгаа. Нэгмөсөн дагаж хэрэгжих заалтыг эд нар хангахгүй, өөрсөддөө ашигтай хувилбар бий болгож өгч байгаа юм. Хуульчдын холбоо хоёр ангилагдсан байдалтайгаар өнөөдөр чиг үүргээ гүйцэтгэж байна. Тухайлбал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар байгуулагдсан Монголын Хуульчдын холбоо бол заавал гишүүнчлэлтэй гэдгээрээ сайн дурын холбоодоос арай өөр давуу эрх агуулсан бүх хуульчдыг нэгтгэсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Тэгвэл Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Шүүгчдийн холбоо, Прокурорын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэх мэт хуульчид сайн дурын үндсэн дээр нэгдсэн холбоод бас байна.
Гэтэл төрийн зарим чиг үүргийн ажлыг гүйцэтгэхээр эрх эдлэж буй Монголын хуульчдын холбооны эрх бүхий албан тушаалтан нь ЗЕХ-ийн зохих заалтуудыг зориудаар зөрчиж хүчин төгөлдөр болоогүй эрх зүйн үйлчлэлгүй журам хэрэглэн хуулиар олгогдоогүй давуу байдлыг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө болон бусдад олгож байгаа энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12, 21.14 дугаар зүйл дэх хэсэгт заагдсан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хэв шинжийг хангаж байна. Тухайлбал: Эрүү шүүлт тулгах 21.12-ын 1-т Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.14 дүгээр зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах
1.Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, эсхүл прокурор өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор илт хууль бус шийдвэр гаргасан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ гэх заалтуудыг зөрчсөн Монголын Хуульчдын Холбооны зөвлөлийн 2014.08.14-ний өдрийн хурлын 86 тоот тогтоол нь: ЗЕХ-ийн 67.4. ”Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.” гэснээр Эрүүгийн хуулийн 1.3.4, 9.1.1 дэх хэсгийг баримтлан Мэргэжлийн хариуцлагын хорооны удирдлагын хамт “Монголын Хуульчдын холбоо” нийтийн эрхийг зохицуулах хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь тэгш эрх, шударга ёсны зарчимд нийцэх болно.
Монголын Хуульчдын холбоо нь хараат бус, улс төрийн нөлөөнд автахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна уу?
Хуульчдын холбоо нь хууль дээдлэх ёсны нэг чухал баталгаа мэт харагдах боловч ерөнхий дүр зургаараа хуульчийг бэлтгэх, хуульчийг нэр хүндтэй, хариуцлагатай байлгах, хараат бус шүүхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, хуульчдын холбоо нь чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх орчин боломж нөхцлийг бүрдүүлсэн үндсэн чиг үүргийг хангаж ажиллах үүрэгтэй.
Тус холбоны чиг үүргийн хуваарьт хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэшсэн хуульч нэршлийг хэрэглэх тусгайлсан шалгуурыг тогтоох, нарийвчлан хөгжүүлэх, шалгах чиг үүргийг, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх ба хуульчдын холбоогоор магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг төгссөн хүн хуульчийн шалгалтад орох эрхгүй гэж хуульчилсан мөн шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой бүрэн эрхийг Хуульчдын холбоо хэрэгжүүлэх чиг үүргийг, хууль тогтоох ажиллагаанд шинжээчээр оролцох, хуулийн төсөл, бодлого боловсруулахад санал зөвлөмж гаргах гэх мэт чиг үүрэг Хуульчдын холбоонд бий.
Иймд хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос хэрэглэж буй Захиргааны хэм хэмжээний актыг илт хууль бус гэдгийг шалгуулахаар Хууль зүй дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, УИХ зэрэг газруудад хандаж авсан лавлагаа , тодорхойлолтоор хууль зөрчсөн үйл ажиллагаа болох нь тогтоогдоод байгаа юм. Уг журам нь улсын хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акт болохынхоо хувьд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, хүчин төгөлдөр бус болох нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөтөлдөг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл дэх мэдээллээс тодорхой болсон төдийгүй Хууль зүйн Сайд нь уг журам нь хуульд нийцэхгүй байгаа талаар албан ёсоор дүгнэлт гаргасаар байтал тэрхүү дүгнэлтийг зөрчиж, хүчингүй журмаар хуульчдыг шийтгэх ажиллагааг зогсолтгүй явуулсаар ирсэн нь ил хууль дээдлэхгүй байгааг илтгэж байна.
Хууль ёсноос гадуур хуульчдыг шийтгэх нь хуулийн салбарынхны алдаа дутагдал, дотоод хямралаар зогсохгүй. Эцсийн дүндээ ийм маягаар хууль бус хяналт, шийтгэл, хуулийг давсан хүч, аль нэг улс төрийн нам , эрх мэдэлтний барьцаанд орсон хуульч, өмгөөлөгчидтэй болсноороо манай улсын иргэд, олон нийт, хууль, шүүхийн бүх төрлийн үйлчилгээ хүртэгч хэн бүхний эрх ашиг хамгаалагдах баталгаа алдагдсан нийгмийг бий болгох хандлага үүсээд байна. Ер нь бол хуульчдын холбооны чиг үүргүүд бүгд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэг. Нэг талаасаа бүх хуульчдыг нэгтгэж байгаа учраас бүх хуульч тэгш эрхтэй оролцоно, хэрэгжилтэд нь хяналт тавина, бүгд санаачилга гаргаад оролцох, хуульчдын санал шүүмжлэлийг сонсох боломжтой. Нөгөө талаас энэ холбоо нь улс төр, төрийн байгууллага, аливаа этгээдээс хараат бус ангид байх, аль нэг нам парламентад олонх болж, засгийн эрх барьж байгаас үл хамаараад чиг үүргүүдээ тууштай хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй гэтэл хэт их нэг талын эрх ашгийг хангасан үйл ажиллагааг хууль зөрчиж явуулж байгаа нь туйлын харамсалтай улс төрийн нөлөөлөл байгааг илтгэж байгаа явдал юм.
-Ярилцсанд баярлалаа.