-Коронавирусийн тахал үргэлжилж буй энэ үед улс орон бүр өөрсдийн тохирох загварыг сонгож байна-
Есдүгээр сарын 1 бол хичээлийн шинэ жил эхэлдэг өдөр. Дэлхийн улс орнууд намрын юм уу түүнтэй ойролцоох аль нэг өдөр хичээлийн шинэ жилээ эхлүүлдэг.
Бельги, Унгар, Ирланд, Польш, Оросын дунд сургуулиуд манайхтай адил есдүгээр сарын 1-нд хичээллэж эхэлдэг бол бяцхан швед, финчүүд наймдугаар сарын 15-нд хичээлдээ явдаг. Харин Герман, АНУ, Италид тодорхой сургууль, аль суурин бэ гэдгээсээ шалтгаалан өөр өөр үед хичээллэдэг. Эдгээр улсад сургалтын төлөвлөгөө нь сургууль болгонд өөрөөс гадна муж, сургалтын тойргуудаасаа шалтгаалдаг байна.
Харин энэ жилийн хувьд дэлхийн бараг бүх улсын боловсролын систем ямар дэглэмээр сургуулиудаа нээх вэ, эсвэл алсын зайнаас сургалтаа үргэлжлүүлэх үү гэсэн сонголтын өмнө ирээд байна. Ерөнхийдөө бүх сургуульд тохирох нэгдсэн загвар гэж байхгүй тул улс орон бүр өөрсдөдөө тохиромжтой аргаар коронавирусийн цар тахлын нөхцөлд дунд боловсролд эзэмшүүлэхийг хичээн ажиллаж байна.
ЮНЕСКО-гийн мэдээллээр гуравдугаар сарын сүүлчээр дэлхийн бараг бүх улсын дунд, бага сургуулиуд хаагдсан байна. Зарим газарт хичээлийн жилээ хугацаанаас нь өмнө дуусгасан бол зарим нь онлайн форматаар хичээлээ явуулсан юм. Тэр үеэс хойш зарим улс дунд сургуулиудаа болгоомжтойгоор нээж эхэлсэн. Харин 2021 он дуустал хичээлийн жилийг танхимын сургалтаар явуулахгүй байх шийдвэр гаргасан улс орнууд ч мэр сэр бий.
Ямартай ч сургууль ажиллаж байгаа газруудад сурагчид, багш нар, тэдний эцэг эхчүүдийн дунд COVID-19-ийн өвчлөлийн тоо харьцангуй бага гэсэн статистик гарсан нь найдлага төрүүлж байгаа юм. Мэдээж хамгийн гол нь хүмүүсийн сайн мэдэх эрүүл ахуйн арга хэмжээг баримталсан тохиолдолд шүү дээ. Израильд дунд сургуулиудыг тавдугаар сард нээсэн боловч хэн ч хүмүүсийг зай баримтлахыг шаардаагүй байна. Үүний улмаас Израильд коронавирусийн хоёр дахь давалгаа сургууль нээгдсэнээр дэгдэж эхэлсэн аж. Дэгдэлтийг дарах арга хэмжээ ч өөр өөр байна. Израильд л гэхэд нэг сургуульд нэг сурагч, эсвэл багш л коронавирусийн шинжилгээгээр эерэг хариу гарсан бол сургууль даяараа хоёр долоо хоногийн хөл хорионд орж байна.
Эрүүл ахуйн шаардлагууд ч нэгдсэн стандартгүй байна. Зарим нь анги танхимд суралцах хүүхдүүдийн тоог багасгаж байхад (үүнийг дагаад олон тооны багш хөлсөлнө) бусад нь хаалт босгож, амны хаалт зүүх зэрэг хувийн хамгаалалтын хэрэгсэл заавал ашиглуулж, анги болгонд гар угаах газар байгуулжээ. Аль ч арга нь багагүй мөнгө зарцуулахыг шаардаж байгаа юм. Жишээ нь гэхэд АНУ-д 3200 сурагчтай сургуульд эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд л 1,8 сая ам.долларын зардал гарчээ.
Олон улсын байгууллагууд, холбоод бүх улсад тохирох ерөнхий зөвлөмж боловсруулахыг тэр бүр оролдохгүй байна. Харин тэдний өмнөөс Олон улсын харилцааны зөвлөл (CFR)-ийн шинжээчид зөвлөмж гаргажээ.
Амны хаалт зүүх
Тайваньд ихэнх дунд сургуулийг хаагаагүй юм. Сурагчид, багш нарт амны хаалт тарааж ажиллуулсан байна. Энд өвчлөлийн өндөр түвшинтэй үед ч сургуулиуд коронавирус тархах голомт болоогүй аж.
Зай баримтлах шаардлагыг багасгах
Анги танхим, сургуулийн коридор, эсвэл сургуулийн гуанзанд зай баримтлахыг байнга шаардах ямар ч боломжгүй. Харин Данийн энэ асуудалтай холбогдуулан гаргасан загвар илүү үр дүнтэй болох нь харагджээ. Ангиуд хичээлдээ өөр өөр цагуудад ирнэ. Завсарлагаа, цайны завсарлага ч хоорондоо зөрөх бөгөөд анги бүр өөр өөр хугацаанд хонх дуугардаг байна.
Хамгийн багуудыг хичээллүүлэх
Коронавирусийн халдвар 12-оос доош насныхан харьцангуй бага өртөж байна. Түүнчлэн тэд ахлах ангийнхныг бодвол интерактив сургалтаас илүү ихийг олж авдаг. Дани, Уругвайд нэн тэргүүнд бага сургуулиудыг нээсэн байна.
Зарим хичээлийг цэвэр агаарт явуулах
Цаг агаарын таатай нөхцөлд, мөн хөдөө орон нутагт, эсвэл анги танхим жижиг, агааржуулалт муутай газруудад хичээлийг гадаа оруулж байна. Ийм туршлагыг Африкийн орнууд, түүнчлэн Швейцар, Германд нэвтрүүлжээ.
Шинжилгээнд тогтмол хамруулах
Люксембург, Германд сурагч, багш нарыг тогтмол үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулжээ. Энэ зөвлөмж нь илүү зардалтай, хэрэгжүүлэхэд төвөгтэй арга юм. Үүнээс гадна шинжээчдийн олонх нь үүнийг үр дүн багатай гэж үзэж байна. Учир нь шинжилгээ авснаас хойш хариу нь гартал дор хаяж хоёр өдөр болдог аж.
Зайны сургалтаас татгалзах
АНУ-д ихэнх амбан захирагчид Америкийн хүүхдийн эмч нарын академийн зөвлөмжийг дагах гэж байна. Энэ академиас халдварын хоёр дахь давалгаа гарсан ч сургуулиудыг нээх хэрэгтэй гэжээ. “Сурагчид сургууль дээрээ биеэрээ очих ёстой. Сургуулийн орон зай зөвхөн академик сургалт эзэмших төдийгүй хүүхдүүдийг нийгэм, сэтгэл зүйн дадлагад сургах, сэтгэц, биеийн эрүүл мэндэд нь нөлөөлөх суурь ач холбогдолтой” гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Германд бас зайны сургалтаас татгалзахыг эдийн засагчид нь дэмжсэн байна. Учир нь сургууль, цэцэрлэгүүдийг карантинд оруулж хаасан нөхцөлд тус улсын эдийн засгийн идэвх 8%-иар буурна гэсэн аж.
Ирланд, Их Британид цар тахлын үеэр сургууль хааснаас болоод гэртээ үлдсэн хүүхдүүдийн дунд золгүй тохиолдол эрс өссөн байна. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ үлдээхгүйн тулд ажлаас гарснаар айл өрхүүдийн дампуурал нэмэгджээ.
Эх сурвалж: kp.ru Марта