“Дэлхийн тамхины эсрэг өдөр” маргааш (2017.05.31) тохиож байна. Энэ өдрийг улс орнууд тодорхой уриан дор жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр нэг тэрбум орчим хүн тамхи татдаг бөгөөд ойр орчмын хүмүүсээ дам тамхидалтад өртүүлдэг аж.
Манай улсын хувьд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг, 15 хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэх судалгаа бий.
Дээрх өдрийг угтан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхийн холбоо “Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал эцэг эхэд нь хариуцлага тооцдог” болохыг иргэдэд уриаллаа.
Тэд өнөөдөр (2017.05.30) Монгол ньюс мэдээллийн төвд хүүхдэд тамхи татахыг хориглох, сургуулийн ойр орчимд тамхи ширхэгээр худалдаалахгүй байх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ үеэр тамхи татдаг эцэг эхчүүдэд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байхыг онцолж байв.
Цаашид энэ байгууллагууд хамтран Хүүхдийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны төв байгуулж ажиллахаар болсон байна.