Ковид-19 цар тахлаас илүүтэй Тарваган тахал Монголд аюул тарьж мэдэхээр байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тэгсэн ч суурьшлын бүсэд тарваганы мах нууцаар оруулж ирэх, хулгайгаар тарвага агнаж идэх явдал байсаар байгаа нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.
Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсад тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд гурав нь батлагдаж, нэг нь нас бараад байна. Энэ өвчин хувь хүний хариуцлагатай холбоотой халдварт өвчин. Уг нь иргэд өөртөө хайртай байж амь нас, эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах ёс суртахуунтай байхад л энэ өвчин бидэнд аюул учруулахгүй. Энгийнээр тайлбарлахад иргэд тарваганд ойртохгүй, махыг нь идэхгүй байхад л өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.
Мөн тарвага хүний хажууд өөрөө дураараа ирээд хэвтчихгүй, хээр талдаа нүхэндээ мөрөөрөө амьдарч буй. Тиймээс хүн өөрөө л тарвага гэгч амьтныг очиж оролдож, махыг нь идэх гэж дурлахгүй, бусдад худалдан борлуулж, ашиг олох гэж “шунахгүй” байхад л “ТАРВАГАН ТАХАЛ” өвчнөөс хангалттай урьдчилан сэргийлчхэж болох юм.
“Тарваган тахал”-ын улсын төсөвт учруулах хор уршиг
Хүн өөрийн хариуцлага, ухамсраар сэргийлж болох энэхүү өвчнийг та үл тоож, өөрөөс холуур өнгөрөх юм шиг эндүүрснээрээ улсын төсөвт асар их ачааллыг бий болгоно. Тодруулбал, тарваган тахлын батлагдсан нэг тохиолдолд дунджаар 100 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулдаг байна. Одоогийн байдлаар батлагдсан 3 тохиолдол байгаа бөгөөд улсын төсвөөс 300 сая гаруй төгрөг зарцуулаад буй. Тэгэхээр сэжигтэй 8 тохиолдолд батлагдвал улсын төвөөс Тарваган тахалд зарцуулах зардал нэмэгдээд явна гэсэн үг.
Иргэд ухамсартай хандаж, эрүүл мэндээ хайрлаж, хамгаалахгүй бол сэжигтэй болон батлагдсан тохиолдол цаашид нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс энэхүү өвчин хувь хүний ухамсар, хариуцлагатай холбоотой гэдгийг маш сайн ойлгож, ухаарах хэрэгтэй гэдгийг дуулгах нь зөв биз ээ.
Хөл хорио
Тарваган тахлаас үүдэлтэй хөл хорио орон нутгийн засаг захиргаа, иргэд, аж ахуй нэгжид асар их хохиролтой байдгийг Ховд аймгийн жишээ харуулж байна.
Ховд аймагт “тарваган тахал” гарсан тохиолдлоор зургаа хоног хөл хорио тогтооход хот хоорондын автобус орлогогүй, жолооч нар цалингүй болжээ. Өнгөрсөн оноос жишээ татахад л гэхэд Баян-Өлгий аймгийн мах махан бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч ААН алдагдалд орсон байдаг. Энэ мэтээр хөл хорионы улмаас дам нөлөөлсөн эдийн засгийн хохирлуудыг яриад байвал багагүй дүн гарч ирэх нь ойлгомжтой.
Монголчуудын хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд хайнга хандаж, үл тоосноос бол өөрсдийгөө эрсдэлд оруулах нь цөөнгүй. Тиймээс мэргэжилтнүүдийн хэлж ярьж байгаа нухацтай сонсож, өөрийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах нь иргэн хүний хариуцлагаас 100 хувь хамааралтай байдгийг ухамсарлах хэрэгтэй болов уу?
Б.ИРЭЭДҮЙ