1960 оны долдугаар сард Шри-Ланкийн Эрх чөлөөний нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад тус намыг тэргүүлж байсан Сиримаво Бандаранаике хэмээх эмэгтэй дэлхийн анхны ардчилсан төрт улсын эмэгтэй Ерөнхий сайд болж байжээ. Харин Европт бол эмэгтэйчүүд үүнээс бараг 20 жилийн дараа буюу 1979 онд анхны эмэгтэй Ерөнхий сайдтай болж байсан нь Их Британийн Засгийн газрын тэргүүн Маргарет Тэтчер юм. Тэр цагаас хойш 60 жил болоход дэлхийн 73 улсын гүйцэтгэх засаглалыг эмэгтэйчүүд тэргүүлсэн байдаг.
Тэгвэл 60 жилийн өмнө эмэгтэйчүүдийн засгийн түүхэнд эхлэл тавьсан Шри-Ланк бүсгүйн тухай мэдээллээс хүргэе.
Хотын даргын охин, Ерөнхий сайдын гэргий
Сирима Ратватте 1916 оны дөрөвдүгээр сарын 17-нд тухайн үедээ Британийн колони байсан Цейлон арлын хамгийн том хотуудын нэг Ратнапутры хотын дагуул хотод төржээ. Түүний эцэг Бранс Ратватте нь угсаатан гаралтай, улстөрч байсан бөгөөд нутгийн уламжлалын дагуу эхнэрийнхээ эцгээс Балангода хотын тэргүүний суудлыг өвлөн авч байв. Ратваттегийн гэр бүлийнхэн дунд “Кандийн конвенц” буюу 1815 онд Цейлоны хамгийн сүүлчийн тусгаар тогтносон хэсэг Британийн эзэнт гүрэнд нэгтэх баримтад гарын үсэг зурсан хүмүүс ч байдаг.
Сиримаво арлын нийслэл Коломбо дахь дээд зэрэглэлийн хувийн дунд сургуульд сурч, сургуулиа төгсөхөд нь эцэг эх нь нөхрийг нь бэлдэж өгчээ. Нөхөр нь өөрөөс нь 20 орчим насаар ах Соломон Бандаранаике бөгөөд тухайн үедээ орон нутгийн захиргааны асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан, баян хэрнээ тийм ч угсаатан гэр бүлийн бус хүн байсан юм. Ратваттегийн гэр бүл тэр залуугийн цаашдын улстөрийн карьерыг, мөн зурхайгаар тэдний нийцлийг шалгаж үзээд л гэрлэхийг зөвшөөрсөн байна. Тэд 1940 оны 10 дугаар сард гэрлэж, залуу хос Коломбо руу суурьшиж, Сиримавогийн улстөрийн их карьер эхэлжээ.
1948 онд Цейлон арал Их Британиас тусгаар тогтнолоо зарлахад жилийн өмнө Соломон Бандаранаике нь арлын бүрэн эрхт анхна парламентад сонгогдож, залуу улсад тэрбээр парламентын дарга, эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв. Сиримаво энэ хугацаанд эзэгтэйн үүргээ гүйцэтгэж, улстөрийн амьдралд нь огтхон ч оролцдоггүй байв. Соломон Бандаранаикегийн намтарт Соломон анх түүн дээр зочлон очиход элсэн чихрийн савандаа халбага хийхээ ч мэддэггүй байсан гэдэг. Ширээ засаж чаддаггүйг нь мэдсэн тэрээр эхнэрээ болгох талаар дахин бодож үзье гэж бодсон гэдэг.
Гэвч тун удалгүй Сиримаво нөхрийнхөө гол зөвлөх болсон төдийгүй өөрийн гэсэн Эрх чөлөөний нам байгуулахыг ятгаж чаджээ. 1952 оны парламентын сонгуулийн өмнөхөн Сиримаво нөхрийнхөө кампанит ажилд идэвхтэй оролцож, сурталчилгааны гол ажлыг нь нугалж өгчээ. Үүний ачаар түүний Эрх чөлөөний нам парламентад 9 суудал авч, Соломон Бандаранаике парламентын сөрөг хүчний тэргүүн болжээ. Дөрвөн жилийн дараа Эрх чөлөөний нам тэргүүтэй эвсэл сонгуулиар үнэмлэхүй олонхийн саналыг авч Соломон Бандаранаике Ерөнхий сайд болсон байна. Гэвч 1959 оны есдүгээр сарын 25-нд буудуулж амиа алджээ.
Ард түмний хайртай охин, “Уйланхай бэлэвсэн эхнэр”
Ерөнхий сайдыг хөнөөсөн нь улс оронд улстөрийн хямрал нүүрлэхэд нөлөөлжээ. Парламентын эвсэл задарч, Сиримаво оролцоно гэж байсан ээлжит бус сонгууль парламент задарснаас болж болсонгүй.
1960 оны гуравдугаар сарын парламентын сонгуулиар Үндэсний нэгдсэн нам ялж, Сиримаво сонгуульд оролцохоос татгалзсан аж. Гэвч хэдхэн сарын дараа шинэ Ерөнхий сайдад үл итгэл үзүүлж, тухайн оны долдугаар сард дахин ээлжит бус сонгууль болжээ. Сонгуулийн өмнөхөн Сиримаво Бандаранаикег Эрх чөлөөний намын даргаар санал нэгтэйгээр сонгож, нэлээд дуулиантайгаар сонгуулийн кампанит ажил явуулж, нас барсан нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх болно гэж зарлаж эхэлжээ.
Энэ үеэрээ Сиримаво Бандаранаике байнга л уйлж, сөрөг хүчнийхнээсээ “Уйланхай бэлэвсэн эм” хоч хүртэл авсан байна. Харин ард түмэн түүнийг өрөвдөж, Эрх чөлөөний нам сонгуулиар үнэмлэхүй олонхийн санал авч, Сиримаво Бандаранаике Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, мөн Гадаад хэргийн сайд болсон байна.
Тэрбээр Засгийн газрыг толгойлж байх хугацаандаа нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, эдийн засгийн чухал салбаруудаа аажмаар үндэснийх болгож, 1961 онд сингал хэлийг англи хэлний оронд төрийн хэл болгох хууль баталжээ. Энэ хууль нь буддын шашинт сингал хүн амынхны дунд Эрх чөлөөний нам нэр хүндтэй болоход нөлөөлсөн ч тамиль хэмээх цөөнхүүд дургүйцэж, 1983 онд иргэний дайн дэгдэхэд хүргэсэн юм. Мөн Сиримаво Бандаранаикегийн санаачилсан татвар нэмэх бодлого, үнийн өсөлт зэргээс болоод эсэргүүцэл дэгдэж эхэлсэн байна.
Харин гадаад бодлогын хувьд харьцангуй дээр байсан. 1961 онд Сиримаво Үл нэгдэх хөдөлгөөний удирдагчдын анхны бага хуралд оролцсон 24 хүнээс анхны эмэгтэй нь болж, жилийн дараа Энэтхэг-Хятадын хил хоорондын дайны дараах хэлэлцээрт чухал зуучлагчаар оролцож байлаа.
Шри-Ланкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн ээж
1965 онд Сиримаво Бандаранаике парламентын сонгуульд ялагдаж Ерөнхий сайдын суудлаасаа буужээ. Гэвч тэрбээр 1970-1977, 1994-2000 онуудад тус тус Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Сиримаво Бандаранаике хоёр дахиа ажиллах хугацаандаа Шри-Ланкийн шинэ үндсэн хууль батлагдахад оролцож, улсынхаа нэрийг Шри-Ланк болгон өөрчилснөөс гадна хатан хаан II Елизаветаг төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.
Энэ хугацаанд арал дээр хоёр ч удаа төрийн эргэлт гарах дөхсөн юм. 1980-аад онд Ерөнхийлөгчийн тусгай комиссоос Сиримаво Бандаранаикег долоон жил төрийн албанд ажиллахыг хориглож, түүнийг онц байдлын дэглэмийг буруу ашигласан, бослогыг дарах гэж оролдсон гэж буруутгажээ.
Гэсэн хэдий ч Сиримаво Бандаранаике-гийн хүү Сиримаво Анура парламент дахь Эрх чөлөөний намын фракцыг толгойлж, охин Чандрика нь ахтайгаа санал нэгдэхгүйн улмаас намаасаа гарч, нөхөртэйгөө хамт Шри-Ланкийн Ардын намыг байгуулалцжээ. 1994 онд нам нь парламентад ялмагц Ерөнхий сайд болж, тухайн ондоо Шри-Ланкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Амжилтын нууц
Сиримаво Бандаранаикег төрийн алба хашихыг 1986 оноос зөвшөөрч, 1994 онд тэр дахиад л Засгийн газрыг толгойлж эхэлжээ. 2000 оны наймдугаар сард Сиримаво Ерөнхий сайдын суудлаа өгч, тухайн оныхоо 10 дугаар сард 84 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Сиримаво Бандаранаике улстөрд гарч ирснээр Шри-Ланкад жендэрийн тэгш байдалд өөрчлөлт ороогүй. Харин нөлөө бүхий гэр бүлийн хүмүүс улстөрд гардаг үзэгдэл нэлээд ажиглагдсан.
Хэдийгээр Сиримаво болон түүний охин улстөрд ийм амжилт гаргасан ч Шри-Ланкад парламентын суудлын 5 хүрэхгүй хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд 182-р байр эзэлдэг байна.
Эх сурвалж: meduza.io