Завхан аймгийн онцгой комисс дахин хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэр гаргажээ.
Тус аймгийн Улиастай суманд өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөнийг хаасан бөгөөд Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч, тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу өнөөдөр өглөө 07.00 цагт гарч, урьдчилсан байдлаар сөрөг гарсан байна. Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т “Дараах тохиолдолд булчирхайн хэлбэрийн үeд хөл хориог үргэлжлэх хугацааг богиносгож болно” гэж заажээ. Иймд:
Нэгдүгээрт, Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан
Хоёрдугаарт, тарваган тахлын уушгины хэлбэр байх магадлал багатай
Гуравдугаарт, 1-р хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан тул Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг үндэслэн Аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
1. Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоохоор тус тус шийдвэрлэв. Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна.