УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн (2017.05.29) хуралдаанаараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв.
Тус бүлэг Монголбанкинд шалгалт хийсэн Ажлын хэсэг дүгнэлтэндээ Монголбанкны бодлогыг арилжааны банкны үйл ажиллагаатай ижил төстэйгөөр тайлбарласан. Мөнгөний бодлогын хэмжээнд хэрэгжүүлж байсан арга хэмжээг хэдхэн хүнд тохлоо. Шалгалтын Ажлын хэсэг УИХ дахь цөөнхийн бүлгийн төлөөллийг оролцуулаагүй гэж тайлбарлаж байна.
Мөн энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эдийн засгийн хүндрэлтэй үед Монголбанкны мөнгөний бодлогын арга хэмжээний хүрээнд олон эрсдлийг давсан. Ажлын хэсгийн дүгнэлт Төв банкны ханшийг тогтвортой барих үйлдлийг буруутгаж, хүүнээс гарсан алдагдлыг хохиролд тооцсон. Хэрвээ ингэж үзэж байгаа бол ипотекийн зээл авсан 80 мянган хүний найман хувийн зээлийг болохгүй гэж үзээд 25-30 хувийн хүүтэй болгох. “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин өрхөд олгогдсон зээлийг маш бага хүүтэй тавигдсан учраас зөрүүг нь эргүүлж төл гэсэн агуулга ойлгогдож байна.
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн схем нь УИХ-ын шийдвэр. Монголбанк, Засгийн газар хоёр санамж бичиг зурж Монголбанкнаас тухайн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хүү багатай зээл олгосон. Хөтөлбөрт оролцох хүсэлтэй, зээлийн шаардлага хангасан компанитай арилжааны банкууд гэрээ байгуулсан. Тэдний 98 хувь нь зээлээ эргэн төлсөн. Гэвч Ажлын хэсэг бага хүүтэй зээл өгсөн учраас хүүнээс алдагдал үүсч, хохирол амссан гэж үзэж байна. Хэрвээ ханшийн зөрүүг төлүүлнэ гэвэл Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулсан шатахууны компаниуд үнээ нэмж таарна” гэв.