-“Вашингтоны шонхор”-ын Америкийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын хамгийн дуулиантай хэсгүүд-
Тэр дахиад л АНУ-даа хамгийн нөлөөтэй хүн боллоо. Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон дурсамж ном хэвлүүлэхээр болжээ.
Энэ номондоо 2018 оны хавраас 2019 оны намар хүртэл “сүүдрийн БХЯ-ны тэргүүн”-ий албанд ажиллаж байсныгаа өдөр өдрөөр нь бичсэн байна. Тухайлбал, Цагаан ордны эзэн Финландыг Оросын хэсэг үү, Британи цөмийн зэвсэгтэй юу гээд олон мэддэггүй зүйлстэй гэжээ.
Уг дурсамж номыг гарахаас өмнө Цагаан ордон хэвлэхэд нь саад хийх гэж оролдсонд гайхах зүйл үгүй. Гэхдээ Болтон нууцлаг мэдээллүүдээсээ сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө дэлгэж, анхаарлын төвд хэдийнэ орж амжжээ.
Түүний ABC News теле сувгийн сурвалжлагч Марта Раддацтай хийсэн сүүлчийн ярилцлагаас сонирхолтой хэсгүүдийг нь түүвэрлэн хүргэе.
МОСКВАТАЙ НӨХӨРЛӨДӨГ ТАЛААР
Ерөнхийлөгч зэвсгийн хяналтын асуудлаар Оростой томоохон гэрээ байгуулахыг хүсдэгээ нэг бус удаа мэдэгдэж байсан. Гэхдээ бид үүний үр дагавар нь ямар байх талаар хэзээ ч дэлгэрэнгүй ярилцаж байгаагүй бөгөөд аль аль талдаа хэцүү асуултуудад хариулт авч чадаагүй.
ПУТИНЫ ТУХАЙ
Ерөнхийлөгчийн хувьд Си Жиньпин, Владимир Путин, Ким Чен Ун, аятолла, Эрдогантай хувийн сайхан харилцаатай байх нь АНУ тухайн улс хоёрын хооронд сайн харилцаатай байгаатай дүйцэхгүй гэж боддог байсан.
Ихэнх тохиолдолд Си, Путин болон бусад удирдагчид түүнд “Та АНУ-ын ашиг сонирхлыг дагаж байгаа, бид ч улс орныхоо ашиг сонирхлыг дагана” гэж хэлж байх шиг байдаг. Тэд үндэсний ашиг сонирхол гэж юу байдгийг сайн мэддэг гэдэгт эргэлздэггүй. Харин Трампын хувьд би түүнийг ийм зүйл мэддэг гэдэгт итгэлтэй биш байна.
СТРАТЕГИЙН АЛДААНЫ ТУХАЙ
Бид анхны дээд хэмжээгээр (Ким Чен Унтай) Сингапурт очиход Трампын дахин дахин тавьж байсан асуултын нэг нь төгсгөлийн хэвлэлийн хурал дээр хэдэн сэтгүүлч ирэх вэ гэдэг асуулт байсан. 400 юу? 500 юу? 2000 ирсэн юм. Үүн дээр л тэр анхаарлаа төвлөрүүлсэн. Америкийн Ерөнхийлөгчдөөс анх удаа Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байна гэдэгт л тэр анхаарлаа төвлөрүүлсэн.
Үүнд л тэр гол анхаарлаа хандуулсан нь стратегийн алдаа байсан гэж би боддог. АНУ эндээс юу ч олж авч чадаагүй. Дональд Трамп их зүйл олж авч байхад АНУ энэ дарангуйлагч (Ким Чен Ун)-ийг хууль ёсны байдлыг нь бэхжүүлчихэж байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРАГТ ДУРЛАГЧ
Трамп дахин сонгогдохдоо л анхаарч, урт хугацааны төлөвлөгөөгөө хойш нь тавьчихсан. Тиймээс ч Солонгосын цэрэггүй бүсэд Ким Чен Унтай зургаа авахуулбал, эсвэл Ираны аятоллатай НҮБ-ын байранд уулзвал бүх зүйл эдгээр гэрэл зурагт анхаарал хандуулна гэж бодсон.
Харин хэлэлцээр яаж явуулах вэ, энэ нь манай байр суурийг бэхжүүлэх үү, АНУ-ын холбоотнууд энэ талаар юу гэж бодох бол гэж огт бодоогүй. Магадгүй гадаадын удирдагчид олон асуудалд тийм ч чухлаар ханддаггүй Ерөнхийлөгчтэй уулзаад яах билээ гэж бодсон биз.
ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨГЧ
Тагнуулын албадын нууц баримттай холбоотой уулзалт долоо хоногт 1-2 удаа болж, 8-10 буюу маш олон тооны хүн оролцдог байсан. Уг нь ийм уулзалтыг өдөр бүр явуулж, Ерөнхийлөгч нөхцөл байдлыг дор бүр нь мэдэж байх ёстой байдаг. Бас энэ уулзалтад тагнуулчид л ярих ёстой байтал дандаа Трамп л ярьдаг байсан.
ҮЛ ТООМСОРЛОГЧ
Трамп дахин дахин асууж байдаг асуултад жишээлбэл, Солонгосын хойг яагаад 1945 онд хоёр улс болсон бэ гэх зэрэг асуулт орно. Бид түүнд байнга л тайлбарлах шаардлагатай болдог байлаа.
Эх сурвалж: KP.RU