УИХ-ын сонгуульд нэр дэвшигч дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр цагдан хоригдоод байгаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Сангийн сайд асан С.Баярцогт болон Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
Шүүгдэгч С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 18-нд болсон ч гэрч, шинжээч нар ирээгүй учраас шүүх хурлыг өнөөдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Тус хуралдаанаар шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих, шүүгдэгч С.Баярыг 525 сая төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэднийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутгаад байгаа. Харин шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр анх баривчилсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин одоо зуслангийн байшинтай холбоотой асуудлаар шүүж байгаа. Гэхдээ Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээс тусгаарлах хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй байна” гэсэн юм.
Түүнчлэн Ерөнхий сайд байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх үүсгэсэн гэх үндэслэлээр буруутгагдаад байгаа шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг өнөөдөр шүүнэ. Түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 16-нд болсон ч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар өмгөөлөгчдөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах хүсэлтийг шүүх хангасан юм. Харин шүүгдэгч нарт өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.