“Спойлер” гэдэг үгийг кино сонирхогчид сайн мэднэ. Прокатанд шинэ кино гараад, та үзэж чадаа ч үгүй байхад найз тань аль хэдийнэ үзээд амжчихсан байна гэж бодъё. Ингээд найз тань танд киноны гол үйл явдлыг ярьж өгч, танд цааш үзэх хүсэл байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр таагүй үзэгдэл байгаа биз. Яг л үүнийг хэлдэг юм.
Спойлерууд кино төдийгүй, улс төрд ч байдаг. Энэ бол сонгуульд ялах боломжгүй хэрнээ өөр сонгогчдын саналын зарим хэсгийг татаж авдаг нэр дэвшигчийг хэлдэг юм. Үүний тулд спойлерууд эсрэгцэн ажиллах нэр дэвшигчээ хуулбарлаж эхэлдэг. Ижил мөрийн хөтөлбөр, уриа гаргаж, хөндсөн сэдвүүдэд нь анхаарлаа хандуулж, заримдаа сонгуулийн кампанит ажлынх нь бэлгэдлийг хүртэл хуулбарлана. Спойлерууд ижил нэртэй нам, ижил овогтой нэр дэвшигчид байх нь сонгогчдыг төөрөгдүүлэх л зорилготой.
ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Тун амархан. Эсрэг байр суурьтай нам, нэр дэвшигчийг л ялуулах зорилготой.
ХЭРХЭН ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?
Хотын зөвлөлд “Цэцэрлэгчдийн нам” гэх хотын цэцэрлэгийн моддоос огтлохыг хориглож, шинэ ногоон байгууламжтай болохыг дэмждэг улс төрийн хүчин өрсөлдөж байна гэж төсөөлье. Тэдний гол үзэл баримтлал хотынхонд таалагдаж, нам уриа лоозонгоо эртнээс, шаргуу дэвшүүлж, сонгуульд амжилт гаргах магадлал нь өндөр байжээ. Гэтэл гэнэт л тэдэнд “Цэцэрлэгийн нам” гэх хэний ч мэдэхгүй байсан өрсөлдөгч гарч ирнэ. Тэд мөн л цэцэрлэгчидтэй ижил уриа лоозон дэвшүүлж, дуулиан тарьсан ажиллагаа явуулж, хажуугаар нь цэцэрлэгчдийг хотыг ногоон болгоход хангалттай тэмцэхгүй, худалдагдсан гэх мэтээр ярьж эхэлнэ.
Ногоон байгууламжид анхаарсан сонгогчид ингээд “цэцэрлэгчид” болон “цэцэрлэг” хоёрын дунд хуваагдаж, хэнд нь саналаа өгөхөө мэдэхгүй болно. Үр дүнд нь “Цэцэрлэгчдийн нам” өмнө нь тооцоолсноос бага санал авч, харин цэцэрлэгийн байгууламжийн оронд барилга барихыг дэмждэг “Цементэнд дурлагсдын нам” ялна гэсэн үг.
БОДИТ ЖИШЭЭ
Спойлер нэр дэвшигчид бол Украины улс төрийн түгээмэл технологи юм. Тухайлбал, 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Наталья Витренко тэргүүтэй Украины “Хөгжлийн социалист нам” сөрөг хүчний Социалист намын саналаас нэлээд татсан байдаг. Эрх баригч намуудын дунд Үндэсний ардчилсан сөрөг хүчнийхний саналыг “Украины эв нэгдоийн төлөөх ард түмний сэтгэл” нам зулгаасан байдаг.
Эх сурвалж: etcetera.media
Орчуулсан Э.МАРТ