Өнөөдрөөс найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нам, эвсэл, хөдөлгөөн, бие даагчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж буй. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам “ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД” уриатай оролцож байна. Ардчилсан намаас “Монгол хүн-хөгжлийн бодлого 2020” мөрийн хөтөлбөр /Хувь хүний хөгжил, эрх чөлөө /Дархлаатай Монгол/, Хүртээмжтэй эдийн засаг /Чинээлэг Монгол/, Эзэн Монгол, Хуультай Монгол, Аюулгүй Амгалан Монгол/-т тусгасан үндсэн таван хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Ингээд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг хүргэе.
100 ХОНОГТ ХЯМРАЛААС ГАРГАХ ОНЦГОЙ ХӨТӨЛБӨР
Ажлын байрыг хадгалах, эдийн засгийг эрчимжүүлэх “ХЯМРАЛЫН ЭСРЭГ-100” Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Нэг ч иргэнээ орлогоор тасалдуулж, ажлаас халуулахгүй, орон байрнаас нь салгахгүй байх бодлого баримтална. Нэг ч компаниа дампууруулахгүй, ялгаварлахгүй байх арга хэмжээ авч, хүнд суртлыг устгана.
Цар тахалтай тэмцэх онцгой хөтөлбөр, багц хуулиудыг шинэ УИХ-ын анхдугаар хуралдаанаар гишүүд тангаргаа өргөнгүүт хэлэлцэж, батална. Үүнд:
• Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, хэмнэнэ. Төсвөөс хэмнэж буй хөрөнгө оруулалтыг иргэн, компаниудад хүндрэлийг давах зээл олгох, эдийн засгийн эргэлтийг дэмжинэ.
• Иргэн, бизнес эрхлэгч, аж ахуй нэгжийг татвар, хураамжаас чөлөөлнө, бууруулна, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлнө. Эдийн засгийн хүндрэлийн үед буюу 2020-2021 онд,
o НӨАТ-ын хувийг 5 хувь болгож бууруулна.
o 2016-2020 онд хувь хэмжээг нэмэгдүүлсэн болон шинээр бий болгосон бүх төрлийн татвар, хураамжийг өмнө нь дагаж мөрдөж байсан хувь хэмжээнд хүртэл бууруулна.
o Гаалийн болон бусад татвар хураамжийн төлбөрийг тухайн иргэн, бизнес эрхлэгчид дарамтгүйгээр шийдвэрлэнэ.
• Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
o Малчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулна. Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
• Шинэ ажлын байрыг олноор яаралтай бий болгоно.
o Аж ахуй нэгж байгууллагуудын цалингийн санд Засгийн газраас шууд дэмжлэг үзүүлнэ.
o Төрийн албан хаагчдын цалинг 2021 оны зургадугаар сар дуустал баталгаажуулах, ажлын байрны хөдөлгөөн, халагдахыг хязгаарлана.
o Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарласан мэргэжлийн хяналт, болон бусад төрийн байгууллагын тогтоол, шийдвэрийг түдгэлзүүлнэ.
o Хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төслүүдэд шаардлагатай Засгийн газрын шийдвэр, зөвшөөрөл, хөнгөлөлтүүдийг нэн даруй олгоно. Үүнд, авто зам, төмөр зам, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэр, Оюу толгойн гүний уурхай, газрын тос боловсруулах үйлдвэрийн гэх мэт төслүүд багтана.
• Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гомдлыг шийдвэрлэх талаар эрс шинэчлэлт хийнэ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН
4.0 ХУВЬСГАЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
• Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалыг эхлүүлнэ.
•Монголын баялгийг Монголдоо боловсруулдаг болно.
Арьс шир, нэхий эдлэл, түүхий тос, зэсийн баяжмал, төмрийн хүдэр боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах аж үйлдвэрийн дөрвөн том кластер үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн тулгуур болгоно.
Хүнд, хөнгөн аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг голлох салбаруудад 15 том төсөл хэрэгжүүлнэ. 100,000 ажлын байр шинээр бий болгоно.
• Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дотоодын аж ахуй нэгжүүдийг зохион байгуулалттайгаар оролцуулж, тогтмол ажлын байр, орлогын эх үүсвэрийг бий болгоно.
• 2030 он гэхэд ДНБ-ийг 40 тэрбум ам.доллар, монгол хүний бодит орлогыг сарын 1,000 ам.долларт хүргэнэ.
o Эдийн засгийн өсөлтийг хангах ган, зэс, нүүрс-хими, нефтийн гэсэн дөрвөн чиглэлийн суурь аж үйлдвэрүүдийг тухайн бүс, аймгийн онцлог, байгалийн нөөцөд тулгуурлан үе шаттайгаар байгуулна.
o Ажиллах хүчийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахаар 100,000 шинэ ажлын байрыг бий болгох бүтээн байгуулалт, бизнесийн төслүүдийг бүх талаар дэмжинэ.
БАЯЛАГТАЙ МОНГОЛ
• Баялгийн сангийн тухай хуулийг шинээр батална. Стратегийн ордуудаас монгол хүн бүрт хувь эзэмшүүлэх “Гурван сая данс” хөтөлбөр хэрэгжүүлж монгол хүн бүрийг ашиг хүртдэг боломжийг бий болгоно.
• Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “…газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсний дагуу өрхийн бизнес, санхүүг дэмжсэн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
• Байгалийн баялгаас улсын төсөвт орж байгаа орлогын 30 хүртэлх хувийг орон нутагт нь шууд хуваарилна.
• Төрийн өмчит “Эрдэнэт УҮГ”-ын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах замаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлнэ.
• Төсвийн орлогыг уул уурхайн бүтээгдэхүүний үнийг өсөлтөөс хэт хамааралтай байгаа одоогийн байдлыг өөрчилж, төсвийн орлого, зарлагын шинэчлэл (реформ) хийнэ. Улсын төсвийн орлогод АМНАТ-ын орлогыг оруулж тооцохгүй бөгөөд зөвхөн таван хувийг уул уурхайн бус салбарыг дэмжих зорилгоор төсөвт төвлөрүүлнэ.
ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ БАНК, САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛ
• Төрийн банкийг шинэчлэн өөрчилж орон нутгийн хөгжил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих ЖДҮ Банк байгуулна.
• “Зээлийн хүүг бууруулах шинэ стратеги”-ийг хэрэгжүүлж нэг оронтой тоонд буулгана.
• Түрээсийн орон сууц барьж, ашиглалтад оруулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.
• Санхүүгийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр Монгол Улс бүс нутгийн санхүүгийн төв болно.
ХУУЛЬ, ЗАСАГЛАЛ
• Засаглалыг цахим хэлбэрт шилжүүлнэ.
• Иргэндээ үйлчилдэг засаглал: УИХ-ын ил тод, нээлттэй байдал, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор цахим парламентыг (Цахим УИХ) бий болгоно. Иргэн цахим санаачилга гаргасан, иргэд цахимаар гарын үсэг цуглуулж, тодорхой асуудлыг дэвшүүлсэн тохиолдолд УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ шууд авч хэлэлцэх журам тогтооно.
• Авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон үндэслэлээр албан тушаалтныг огцруулсан тохиолдолд нийтийн албанд дахин ажиллах боломжгүй болгоно. Гэмт хэрэгт холбогдон сонгогчдын итгэл алдсан УИХ-ын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн боломж бүрдүүлнэ.
• Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчдийг хамгаалж, дэмжих хууль зүйн орчинтой болгоно.
• Нас, хүйс, хөгжлийн ялгаа, бэлгийн чиг баримжаа гэх мэт аливаа төрлийн ялгаварлал, дарамт, хүчирхийллийг таслан зогсоох, ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэнэ.
• Төрийн алба зарсан “60 тэрбум”, иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ” улс төрчид, авлига, сонирхлын зөрчилд орооцолдож хууль зөрчсөн албан тушаалтнуудад нам харгалзахгүй хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
“ЭРҮҮЛ ЭНХИЙН ЖАРГАЛ” БОДЛОГО
(эрүүл мэнд)
• Эрүүл мэндийн даатгалыг үнэ цэнтэй болгоно. Эмч, эмнэлгийн ажилтны цалинг тогтмол нэмж, 10.000 сувилагч бэлдэнэ.
• Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өрх гэрийн түвшинд тогтмол хийдэг эрүүл мэндийн үйлчилгээний шинэ хэлбэр болох “гэрийн эмч”-ийн тогтолцоог байгуулна.
• Хорт хавдрын оношилгооны төв, хавдрын хөнгөвчлөх үйлчилгээний төвийг нийслэл, аймгуудад барьж, байгуулна.
ХҮРТЭЭМЖТЭЙ ТЭГШ БОЛОВСРОЛ
(боловсролын шинэчлэл)
• Хөдөө, хот, захын хорооллын болон төр, хувийн өмчит сургуульд суралцагсадын боловсролын чанарын ялгааг арилгана.
• “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр – Хүүхэд бүрийг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, Монгол орныхоо байгаль, түүх, үндэсний хэл соёл, уламжлалаар бахархдаг хүмүүжил олгох.
• Малчин өрхийн 6-8 настай хүүхдийг гэрээр сургах гэрийн сургалтын тогтолцоог бүрдүүлнэ.
• Цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй.
• Англи хэлийг боловсролын хоёр дахь хэл болгоно.
• Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсрол эзэмших боломжийг хуульчилж, хэрэгжүүлнэ.
• Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангана.
• Гадаад орны их, дээд сургуульд 10,000 оюутныг /ялангуяа дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд/ суралцуулна.
• “Мянган инженер” хөтөлбөрийг “Түмэн инженер” хөтөлбөр болгон үргэлжлүүлнэ.
• “Шинэ багш” хөтөлбөр – багш нарын мэдлэг, ур чадварыг тухай бүрд нь дээшлүүлж, давтан сургахад улсын төсвийн санхүүжилтийг түлхүү чиглүүлнэ.
“АЛТАН ШАР ЗАМ”
(дэд бүтэц хөгжүүлэх)
• Агаарын болон авто зам, төмөр замын хүчин чадлыг сайжруулж, шаардлагатай шинэ сүлжээг бий болгох замаар аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн дэд бүтэц бий болгоно.
• Төв, баруун, зүүн болон зүүн өмнөд бүсийн эрчим хүчний системүүдийг цахилгаан дамжуулах шугамаар холбон бүс нутгийн цахилгаан хангамж, найдвартай ажиллагааг сайжруулна.
ХӨГЖСӨН ХӨДӨӨ
А.Хөгжсөн хөдөө
• “Шинэ хөдөө” хөтөлбөр – Уламжлалт МАА-н гаралтай түүхий эд ноос, ноолуур, арьс шир, махыг малчдын оролцоотой анхан шатны түүхий эдийн тордолгооны цэгт бэлтгэн бүс нутаг, аймгийн төвүүдэд боловсруулж, өндөр түвшний технологийн үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Дотоодын болон гадаад зах зээл дээр өрсөлдөх үнээр борлуулах боломжийг бүрдүүлнэ.
• “Чинээлэг малчин” хөтөлбөр – Мал аж ахуй салбарыг эдийн засгийн үр ашигтай, орчин үеийн шинэ технологи, инновацад суурилж, хөгжүүлэн мэдлэг бүхий малчдыг малчин бизнесмен болгох замаар тогтвортой орлого бүхий хүчтэй дундаж давхаргыг тэлэх бодлого хэрэгжүүлнэ.
Б. Шинэ хотууд
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, хотын төлөвлөлт, бүсчлэл, хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэдэг болгож, төрийн бүхий л үйлчилгээг иргэдэд ойр дүүргийн засаг захиргаа хүргэдэг засаглалын оновчтой тогтолцооны эрх зүйн үндсийг тавина.
Эрдэнэт, Дархан хотуудад бонд гаргах эрхийг
• “Богд хан төмөр зам”-ын төсөл- Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрч байгаа төмөр замыг нүүлгэн шилжүүлэх.
• Налайх, Багануур дүүргүүдийг дагуул хотын төлөвлөлтийг эхлүүлнэ.
• “Авто машингүй гудамж” – зарим гудамжийг явган хүнд зориулагдсан, худалдаа үйлчилгээний болгоно.
“УНАСАН ГАЗАР УГААСАН УС”
(Байгаль орчин)
• Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутгуудад усан сангууд байгуулах үндэсний нэгдсэн тогтолцоог үүсгэснээр усны хомсдолоос бүрэн гарна.
• Уул уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхисон аж ахуй нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд оногдуулах хариуцлага, ял шийтгэлийг эрүүгийн хуулиар чангатгана.
• Экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад үйл ажиллагаа болон өөрийн хөрөнгөөр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг төрөөс урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.
• Өв соёл, эх түүх, хэл бичиг, соёлын дархлаа бүхий монгол бахархлыг дэмжих замаар үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр иргэн, өрх бүрд хүргэсэн бодитой хэрэгжихүйц бодлоготой, тооцололтой сайн хөтөлбөр болсон гэж хэлж болохуйц байна.
УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй 76 нэр дэвшигчийн байдлаас үзэхэд шинэ, залуу, туршлагатай гурван үеийн төлөөллийг багтаасан нэр дэвшилтийг хийжээ.
Энэ цаг үед ард түмэн ёс зүйтэй, төлөвшсөн, үзэл баримтлалтай нам, улстөрчдийг сонгох урьдчилсан судалгаа гарахын дээр залуучуудын оролцоо, идэвх өндөр байгаа юм. Энэ нь залуус ирээдүйдээ санаа зовниж, нөгөөтээгүүр эрхээ эдэлж,ы үүргээ биелүүлж, зөв хүнийг төлөөллөө болгох зорилт тавьсны илрэл билээ. Ямартай ч, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тольдоход ийм байна. Сонголт ард түмний гарт бий.