Өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ “АН сонгуульд ялбал Ринчиннямын Амаржаргал Ерөнхий сайд болно” хэмээн мэдэгдлээ. С.Эрдэнэ “…Бид энэ сонгуульд олонхи болох нь ойлгомжтой гэж харж байгаа. Тийм учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг авч үзсэн.
Шинээр мөрдөх Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтааж зарлана. Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдэг асуудлыг авч хэлэлцсэн. Удирдах бүрэлдэхүүний төвшинд ярилцаад дараагийн засагт АН олонхи болсон тохиолдолд Ренчиннямын Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, ажиллуулах нь зүйтэй юм гэсэн саналыг хүлээн авсан” гэлээ.
Түүний хэлснээр бол удирдах бүрэлдэхүүний төвшинд ярилцаад шийдсэн гэж байна. Гэтэл Р.Амаржаргал болохоор “Энэ мэдээг сая л сонслоо. Үүссэн нөхцөл байдалд өөрийн байр суурийг удахгүй илэрхийлэх болно” гэв.
Тэгэхээр АН удирдах түвшиндөө ярьсан юм бол Р.Амаржаргал хаана байсан хэрэг вэ. Тэр АН-ын дэд дарга биш билүү. Үүнээс харахад АН-д удирдах төвшин гэж байхгүй, харин бүлэглэлүүдийн төвшин л гэж байна. Ц.Элбэгдорж, Б.Хурц болон “сахал” Б.Эрдэнэбилэгийн бүлэглэл, Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүлэглэл, С.Эрдэнэ, З.Энхболдын бүлэглэлийн удирдлагууд гэж ойлгогдож байна.
Р.Амаржаргал энд нэр дурдагдсан хүмүүсийг бодвол арай илүү цэвэр нэртэй нь мэдээж. Энэ удаа түүнийг нь ашиглаад бүлэглэлүүд түүний ард нуугдах гэж байгаа аж.
Тэгвэл Р.Амаржаргал гэж хэн бэ
Мань хүн хариуцлагаа хүлээе гээд хамаг юмаа хаячихаад явчихаж мэдэх л хүн Р.Амаржаргал бол цэргийн сургуульд багшилж байсан хүн. Ардчилалд анхнаас нь явж, МҮДН-ын гишүүн байлаа. 1999-2000 онд жил хүрэхгүй Засгийн эрх барьж үзсэн хүн. Гэхдээ Засгийн эрх барих гэж, фракцуудын эв зүйг олох гэж оролдоод чадаагүй. Дараа нь М.Энхсайханд жийгдэж бие даан нэр дэвшин УИХ-д сонгогдож байв.
Тэр ямартай ч экс МҮДН-чүүд дотроо арай нэр цэвэр нэгэн. Тэгвэл экс МҮДН (МҮДН)-ээс Да.Ганболд, “Фортуна” хэмээх Н.Батбаяр нар МАНАН бүлэглэл, ХХБ-ийг төлөөлж нэр дэвшсэн. Тэгэхээр нэг фракцийн хуучин нөхөр Р.Амаржаргалыг талдаа татаж тоглолт хийхээр шийджээ.
Харин Р.Амаржаргал тэдний гарт удаан хугацаанд хүүхэлдэй болох уу? Учир нь Р.Амаржаргал 2012-2016 онд АН-ыг засгийн эрх барьж байхад олонхи дотроо сөрөг хүчин болж, тэдний өмнөөс хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдье гэж байлаа. Мөн АН-ын ҮЗХ-ноос болон гишүүнээс ч болихыг хүсдэг байсан. Харин АН-ынхан дургүй ламд дарж байж адис хүртээв гэгчээр түүнийг татгалзах болгонд аваад үлдэж байлаа.
Мөн түүний Ерөнхий сайд, АН-ын дарга болох хүслийг байнга дарж ирсэн. Р.Амаржаргал Ч.Сайханбилэгтэй Ерөнхий сайд болох өрсөлдөөн, С.Эрдэнэтэй АН-ын дарга болох өрсөлдөөнд орж байсан ч ялагдаж байлаа.
Харин энэ удаа Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно хэмээн зарлаж байгаагийн цаана бүлэглэлүүдийн хуйвалдаан байгаа гэдэг ойлгомжтой байна. Энэ сонгуульд Ц.Элбэгдорж ба ХХБ-ныхан АН-д том байгаа. Тэд С.Эрдэнэ нарыг ямар ч байсан буланд шахсаныг өнөөдрийн мэдэгдлээс харж болно.
Тэгэхээр Р.Амаржаргал зөрүүд том толгой С.Эрдэнийг бодвол бүлэглэлийнхэнд илүү харьцаж болох, үгээр нь байж болох хүн аж. Гэхдээ АН-ыг ялна гэж хэн хэлээд байгаа хэрэг вэ. ХХБ тэргүүтнүүд мөнгө тараагаад ялна гэж бодож байгаа хэрэг үү. Тэгвэл андуурч байна. Мөнгийг чинь авсан ч гэсэн сонгогч олон эсрэг санал өгөхөө харин ч нэг мэдэх байх аа.
Г.Самбуу