ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд татан авах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын автозамын боомтоор үргэлжилж байна.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус хилийн боомтод ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийт 340 иргэнийг татан авч байгаа аж. Дээрх иргэдийг Улаанбаатар төмөр замын тусгай үүргийн гал тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх юм. Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ хичээлийн жил дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа ажээ.
Эдгээр иргэний эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авчээ. Ингээд 40 иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 300 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн галт тэргээр Улаанбаатар хотруу шилжүүлээд байна.