Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан байхад Өрхийн орлого арван хувь давж өссөн нь ямар учиртай үзүүлэлт вэ.
Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээр Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.1 мянган төгрөг буюу 12.6 хувиар, өмнөх улирлаас 74.6 мянган төгрөгөөр буюу 6.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өрхийн орлого өсөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс, төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс, тэтгэврийн хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлжээ.
Нийт өрхийн 50 орчим хувь нь 2019 оны эхний улиралд 900 мянган төгрөг хүртэл орлоготой байсан бол энэ онд 1.1 сая төгрөг хүртэл орлоготой болсон байна.
Мөнгөн орлогын бүлэглэлт, өрхийн дүнд эзлэх хувь, 2019, 2020 оны эхний улирлаар
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114 мянган төгрөг буюу 10.1 хувиар, өмнөх улирлаас 62.6 мянган төгрөг буюу 5.3 хувиар өсжээ.
Өрхийн сарын дундаж зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 22.3 хувиар, хүнсний бүтээгдэхүүний зарлага 16.5 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын:
- 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн
- 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн
- 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг
- 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал
- 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлж байна.
Хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын:
- 11.5 хувийг бэлэн хувцас, гутал
- 9.8 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ
- 5.3 хувийг харилцаа холбооны үйлчилгээ
- 4.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээ
- 4.7 хувийг боловсролын үйлчилгээний зардал эзэлж байна.
Өмнөх улиралтай харьцуулахад бэлэн хувцас, гутлын зарлагын эзлэх хувь 2.8 пунктээр буурч, тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээнийх 0.4 пунктээр, харилцаа холбооны үйлчилгээнийх 0.5 пунктээр, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал 0.8 пунктээр нэмэгдсэн бол боловсролын үйлчилгээний зардлын эзлэх хувь өөрчлөгдөөгүй байна.
Эндээс үүсээд буй нөхцөл байдалтай холбогдон өрхийн зарлагын бүтцэд өөрчлөлт орж байгааг харж болохоор байна.
500 мянган төгрөг хүртэл зарлагатай өрх 2019 оны эхний улиралд нийт өрхийн 12.9 хувийг, 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 12.0 хувийг эзэлж байсан бол 2020 оны эхний улиралд 500 мянган төгрөг хүртэл зарлагатай өрхийн эзлэх хувь 11.1 болж, 1.8 пунктээр буурч, харин 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрхийн эзлэх хувь 19.5 болж, 7.5 пунктээр нэмэгджээ.
Үндэсний статистикийн хороо