– Нэр дэвшигч Д.Эрдэнэбат нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно –
УИХ-ын 2020 оны сонгууль хаяанд ирж, намууд тойргуудад нэр дэвшигчдээ тодруулан, бие даагчид хүсэлтээ өгөөд байна. Монголчууд бид сар орчмын дараа л парламентын шинэ гишүүдээ сонгоно. Сонголтоо зөв хийхгүй бол ядуурал, ажилгүйдэл, авлига, хээл хахууль, эрх мэдлээ урвуулагчдаас салж чадахгүй гэдэгтэй сонгогчид санал нийлж буй. Гэвч нам, эвслүүд ч, бие даагчид ч эрүүгийн хэрэгт холбогдсон, ял шийтгүүлсэн, эрүүгийн хэрэг нь шүүх, прокурорын хяналтад байгаа хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь харамсалтай. Тиймээс сонгогчид сонголтоо зөв хийхгүй л бол эрүүгийн хэрэгт холбогдсон нэр дэвшигчид УИХ-ын гишүүн болж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлбэл түүгээр халхавчлан хариуцлага хүлээхгүй дөрвөн жилийг үдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ялаас чөлөөлөгдөн улсад, бусдад учруулсан хохирлоо ч төлөхгүй байх магадлал өндөр. Эрүүгийн хэрэгт холбогдсон, яллагдагч, шүүгдэгч нарыг олноор нь дэвшүүлснээрээ АН толгой цохиж байгаа. Намын дарга нь хүртэл яллагдагчаар татагдсан ч хууль сахиулагчид тогтоолтой нь хараахан танилцуулаагүй гэх юм билээ. Түүний дараа “Та, бидний эвсэл” буюу МАХН, ИЗНН, МУНН цөөнгүй нэр дэвшигчээрээ орох нь. Эрх баригч МАН-ын тухайд эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж, шүүх, прокурорын шатанд очсон хүн харьцангуй цөөнийг дэвшүүлжээ. Өмнө нь шалгуулж байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон нэг бус хүн тус намын нэр дэвшигчид дунд бий. “Зөв хүн электорат” эвсэл буюу ХҮН, МСДН, ЗЁН-ын нэр дэвшигчдийн дунд ч эрүүгийн хэргийн шүүгдэгч байна. Бие даагчдын дунд эрүүгийн хэргийн холбогдогч цөөнгүй хүн бий.
Цагдаагийн байгууллагаас ял шийтгэлийн лавлагаагаар өмнө нь торгох, хорих ял шийтгүүлсэн, өршөөгдсөн, тэнссэн шүүхээс хэрэг нь буцсан 54 нэр дэвшигч буй юм билээ. Энэ удаа бид одоо шүүх, прокурорын шатанд хэрэг нь хянагдаж буй нэр дэвшигчдийг онцолъё.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ОЛОН ХҮН СЭЛЭНГЭ АЙМАГТ ӨРСӨЛДӨНӨ
Улс төрийн намуудын жагсаалтад хамгийн түрүүнд бичигддэг, 100-гаад жилийн түүхтэй, эрх баригч МАН-ынхан дунд харьцангуй цөөн эрүүгийн хэргийн холбогдогч байна гэдгийг дээр өгүүлсэн. Өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг хэсэг суусан Б.Дэлгэрсайхан, Ц.Анандбазар болон олон жилийн тэртээх хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдож явсан Х.Мандахбаяр, “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр мөрийтэй тоглосон хэрэгт шүүгдэгчийн ширээнд суугаад цагаадсан Ерөнхий сайд, УИХ-ын даргын талаар цахим хуудаснуудын хайлтын хэсэгт хандахад цөөнгүй мэдээлэл гарч ирнэ. Гэхдээ энэ хүмүүс бүгд хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Зарим мэдээллийн хэрэгслээр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ дэвшүүллээ хэмээн эрх баригчдыг баалж буй. АТГ-ынхан мөрдөн шалгалтын явцад эрүүгийн хариуцлагад татаагүй, прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол гаргаагүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн бололтой.
Харин эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан атлаа 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тус намын ганц хүн бол Ерөнхий сайд асан Ж.ЭРДЭНЭБАТ.
Тэрбээр төрөлх Сэлэнгэ аймагтаа өрсөлдөж, дүнгээ тавиулна. Түүний тухайд 2017 оны есдүгээр сард Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч ажиллаж байхдаа Нөхөх олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай Засгийн газрын тогтоол баталж, Тост, Тосон бумбын нурууны хилийн заагт байрлалтай тусгай зөвшөөрлийг цуцлан нөхөн олговор олгохдоо дүүгийнхээ компанид давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Тэрбээр хэрэгт холбогдсоноо нэлээд нууцалж байсан ч яллагдагчаар татах тогтоол нь ил болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албадан ирүүлэх захирамж баталснаар хаашаа ч булзаж чадахгүй болсон гэхэд хилсдэхгүй.
УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу хэд хэдэн шүүгдэгч болон ял шийтгүүлсэн нэгэн ч өрсөлдөхөөр болоод байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж, Оюутолгойн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа мэдээлэлд ойр байсан эрх мэдлээ ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдэлдээ шүүгдэгчийн сандалд суухад хүрээд байгаа С.БАЯРЦОГТЫН нэрийг дэвшүүлсэн.
Уг гэрээг байгуулах үед хямд үнэтэй байсан компанийн хувьцааг тэрбээр худалдан авч, улмаар гэрээ баталгаажсаны дараа олон улсын зах зээлд хувьцааны ханш өсөх үед нь борлуулж ашиг олон гадаадын банкны дансанд байршуулсан нь нэг хэсэг “оффшор данстай” гэх дуулианд холбогдоход хүргэсэн билээ. Жирийн иргэд, аливаа хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогч хувь хүн, аж ахуйн нэгжийнхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж буй компанийн хувьцааны ханш олон улсын биржид өсөхийг төдийлөн мэдэхгүй. Харин С.Баярцогт үүнийг мэдэж, хувьцааг нь худалдан авч, буцаан зараад олсон мөнгөө гадаадын банканд байршуулсан нь ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл билээ.
Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ нэр дэвшиж байгаа.
Тэрбээр мөн л эрүүгийн хэргийн яллагдагч, шүүгдэгч. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн шүүгдэгчийн ширээнд сууж буй. 2012-2016 оны Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан түүний болон Сангийн сайд асан Б.Болор, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тэргүүтэй долоон хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод буй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Ганбатын эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан өөр үйлдлүүдэд нь ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, эрх бүхий албан тушаалтнууд болох Минжбадам, Санжаадорж нарыг холбогдуулан хэлэлцэнэ.
Өөр нэг нэр дэвшигч болох, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.ҮҮРИЙНТУЯА нь 2009 онд нийгмийн даатгалын хөрөнгө завшиж үрэгдүүлсэн хэрэгт таван жил нэг сар хорих ял шийтгүүлж, өршөөгдөж байсан нэгэн билээ.
БОГД УУЛЫН АМУУДЫГ ЭЗЭМШСЭН КЁКҮШЮҮЗАН Д.БАТБАЯР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН ГЭВ ҮҮ
Японд нэг хэсэг ажиллаж амьдарч байсан хоёр хүн АН-аас энэ оны сонгуульд өрсөлдөхөөр болоод буй ч бас л эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Түүний нэг нь сүмогийн алтан хараацай Кёкүшюүзан Д.БАТБАЯР. Арлын оронд эх орныхоо нэрийг гаргаж явсан тэрбээр зодог тайлж, УИХ-ын гишүүний сэнтийгээс бууснаас хойш газрын наймаа нэлээд хийсэн нь эрүүгийн хэрэгт шалгуулах үндэслэл болсон юм. Гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалангийнхаа хамт хууль сахиулах байгууллагын үүдээр эргэлдэх болсон тэрбээр өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн хэрэгт холбогдсон билээ.
Кёкүшюүзан Д.Батбаярын хамаарал бүхий хүмүүс буюу түүний төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа нь “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд найман га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан.
Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арваннэгдүгээр сарын тушаалууд, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө орон сууцын хорооллууд барьчихаад буй. Ийнхүү авсан газраа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудыг бусдад шилжүүлсэн байдаг. Тухайлбал, Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн аж. Тэгвэл Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал” болон Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компанийг О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн агаад тэр нь цаашаа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжүүлсэн аж. Энэ бүхнийгээ хууль сахиулах байгууллагынханд танилцуулахдаа “Бүтээн байгуулалт хийсэн” хэмээсэн ч зориулалтын дагуу ашиглаагүй нь яллагдагчаар татагдахад хүргэсэн байна.
Арлын оронд амьдарч, тэндээс эх орондоо хөрөнгө оруулагч татсан АН-ын өөр нэг нэр дэвшигч бол Т.ЭНХСАЙХАН.
Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болоод буй тэрбээр Японоос дагуулж ирсэн хөрөнгө оруулагчаа залилсан хэрэгт яллагдагчаар татагдан хууль сахиулах байгууллагынханд шалгуулж буй. Японы иргэний хөрөнгө оруулалттай “Фүжи холдинг” ББСБ-ыг Т.Энхсайхан, түүний эгч Энхээ, Японы иргэн Ишибаши Рёосүкэ нар байгуулсан гэдэг. Гэвч Японы иргэн нь манай хууль сахиулах байгууллагынханд Т.Энхсайханд залилуулсан хэмээн хандсанаар ийн яллагдагчаар тооцсон юм. Түүнийг буруутгасан гол үндэслэл нь “Фүжи холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны жилийн эцсийн баталгаажсан тайланд туссан 520 гаруй сая, 2019 онд банкан дахь харилцах данснаас 350 гаруй сая төгрөг бэлнээр авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэж буй. Т.Энхсайхан хөрөнгө оруулагчдаа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулсан, сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан” гэж ярьж байсан бол УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Би Т.Энхсайхан гэдэг хүнээс ямар нэг мөнгө төгрөг авч байгаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн тухай хэвлэлүүд бичиж байсан.
ЭВСЛҮҮД Ч ЯЛЛАГДАГЧ НАРЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
Ерөнхийлөгч асан Н.ЭНХБАЯР тэргүүтэй хүмүүс багтсан “Та, бидний эвсэл”-ээс нэр дэвшигч цөөнгүй хүн эрүүгийн хэрэгт холбогдож, гэм буруугаа шүүхээр хэлэлцүүлж, яллагдагчаар татагдаж байв.
Төрийн гурав дахь тэргүүн асан дээрх эрхмийг авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн гэдгийг хүн бүр мэддэг. Тус эвслээс Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшсэн Э.ЭРДЭНЭЖАМЪЯН ч бас Хууль зүйн дэд сайд байхдаа эрх мэдлээ урвуулсан хэрэгт ял шийтгүүлж байсныг уншигчид санаж буй.
Тэгвэл тус эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч, Шадар сайд асан Ц.ОЮУНБААТАРТ холбогдох авлига, албан тушаалын хэргийг одоо болтол шүүхээр эцэслэн шийдээгүй байна.
Тэрбээр “Тэмээн поло-2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагын данс руу шилжүүлж авсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Мөн эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Мижидийн ТУЛГА нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж 2011, 2012 онд хийх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган хэрэг нь өдгөө шүүхийн шатанд яваа. Харин тэрбээр өөрийгөө хонгилын хохирогч болсон хэмээдэг юм. Тус эвслээс тус дүүрэгт дэвшсэн өөр нэг хүн нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар. Тэрбээр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын нэр төр, алдар хүндэд нь халдсан хэргээр торгох ял шийтгүүлж байсан билээ.
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.БЭЭЖИН энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт дээрх эвслээс нэр дэвшихээр болсон.
Түүнийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт яллагдагчаар татан хэргийг нь шүүхэд шилжүүлээд буй билээ. Тэрбээр өмнө нь ч бас эрүүгийн хэрэгт холбогдож Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг нь хэлэлцэж байсан юм.
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч, эдийн засагч Л.НАРАНБААТАР мөн л эрүүгийн хэргийн холбогдогч.
Тэрбээр бусдын их хэмжээний хөрөнгийг залилсан хэрэгтээ 20 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцаагаад буй. Тэрбээр 2012 оны зургадугаар сарын 4-нд иргэн М.Ариунтулгатай гэрээ байгуулж, түүний эзэмшлийн компанийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байх 011928А, 011730А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1.2 тэрбум төгрөгөөр тооцон зээлээр худалдан авахаар болсон гэдэг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 884 сая гаруй төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулж, М.Ариунтулгад олгохоор шийдвэрлэсэн юм.
Бие даагчдын дунд ч эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нэг бус хүн бий. Тухайлбал, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн, улсын харцага Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 14.1 дэх хэсгийн ялгаварлан гадуурхах, 17.6-гийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан.
Мөн УИХ-ын гишүүн асан Н.НОМТОЙБАЯРЫГ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татаж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал, Хяналт, мониторингийн газрын мэргэжилтэн Н.Баттөгс нарын 10 хүний хамт гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шилжүүлээд байна.
Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун Архангайд бие даан өрсөлдөх гэж буй. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй бүлэглэн иргэн Б.Наранбаатарт 896 ам метр үйлчилгээний зориулалттай газрыг хуурамч бичиг баримт үйлдэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Цагдаагийн байгууллагаас олгодог ял шийтгэлийн лавлагаагаар нягталбал шүүхээр гэм буруутайд тооцож байсан олон жишээ, баримт бий. Тиймээс сонгогчид мэдлэг, мэдээлэлтэй байж, сонголтоо зөв хийх нь шударга ёс тогтооход дөхөмтэй биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: unuudur.mn
Үргэлжлэл бий.
1 comment
peeeee byy yzegd dandaa yaltanguud umaa, ene orshooliin huuliig buruu ashigladag gemt heregtengyydiig orshoohdoo ulsad hohirol uchruulsan ene metiin hymyysiig orshoohiig horigloh heregtei shdee, gemt hereg hiij yal edelchiheed bas tegeed ichih nyyrgui dahiad gemt hergee hiiheer devshdeg umuu haashee um be ?????????????