МАН УИХ-ын сонгуулиар жанжнаар овоглосон Сүхбаатар дүүргийг алдах уу

Эрх баригч МАН 100 жилийнхээ ойн босгон дээр жанжин Сүхбаатараар овоглосон нийслэлийн Сүхбаатар дүүргийг алдаж мэдэхээр болжээ. Улс төрийн намуудаас хийсэн судалгаагаар энэ дүүрэгт эмэгтэй нэр дэвшигч илгээвэл сонгогдох магадлал бараг 0 гэсэн прогноз гарсан байдаг. Тиймээс АН, ХҮН, МАХН, МАН гээд улс төрийн намууд эрчүүдийг сойхоор зэхэж байгаа сурагтай. Товчхондоо бол нийслэлийн хойморт орших энэ дүүрэгт УИХ-ын сонгуулиар эрчүүдийн халз тулаан өрнөх нь тодорхой болжээ.
АН-аас Б.Дэлгэрмаа, МАН-аас Х.Булгантуяа зэрэг лидер эмэгтэйчүүд нэр дэвшихээр горилж байсан ч судалгааны үр дүнгээр найдлагагүй нь тодорхой болсон тул тэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг рүү буурь сэлгэж байгаа ажээ. Өмнө нь гишүүн Ц.Цогзолмаа энэ дүүргээс сонгогдсон гэдэг боловч яг Сүхбаатар дүүрэгт өвдөг шороодож, Багануураас авсан саналаараа өрсөлдөгчөө үл ялиг илүүрхсэн байдаг. Эндээс харахад энэ дүүрэг эмэгтэйчүүдэд ер нь халтай, УИХ-д эмэгтэй төлөөлөл илгээж байсан түүх бараг үгүй.
Сүхбаатарт дүүрэгт АН С.Эрдэнэболд, Ч.Өнөрбаяр, Лу.Гантөмөр зэрэг залуусаа нэр дэвшүүлэхээр тохирлцжээ. ХҮН, МАХН, Шинэ намынхан ч энэ тойрогт эрэгтэй, залуу нэр дэвшигчээ илгээнэ. Харин эрх баригч МАН-аас Сүхбаатар дүүрэгт улс төрийн хуучин кадрууд болох Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарыг сойхоор бэлтгэж байна. Сү.Батболд энэ удаагийн сонгуулиар мөн л Сүхбаатар дүүргээс нэрээ татаж, Дундговьд нэр дэвшихээр болсон.
Д.Цогтбаатар сайд удаа дараа монголчуудын чихийг халууцуулж байгаа дипломатуудын хар тамхины хэргээс болоод нэр хүнд сайнгүй байгаа. 2008 оны 7-р сарын 1-ний эмгэнэлт үйл явдлаас хойш “Харвардын коммунист” гэх хоч зүүх болсон Ц.Мөнх-Оргилын хувьд Н.Энхбаярын Засгийн газарт 100 саяын төлбөр төлж дэд сайд болсон гэдгээрээ олонд танигдсан, тэтгэвэртээ суух цаг нь болсон гэгддэг улстөрч. Тиймээс МАН-аас санал болгох 2 улстөрч сонгогдох магадлал тун бага.
Эдгээр өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд МАН Сүхбаатар дүүрэгт нэр цэвэр, залуу, эрч хүчтэй нэр дэвшигчээ илгээхгүй бол ялагдах магадал тун өндөр болжээ. 2021 онд МАН 100 намныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр зэхэж буй. Гэтэл МАН-ыг үндэслэн байгуулагчдын нэг жанжин Сүхбаатараар овоглосон нийслэлийн Сүхбаатар дүүргийг өрсөлдөгч намдаа тавиад туучихсан сууж байвал юу болох бол. МАН-ын удирдлагууд хөдөөгийн тойргуудад хэт анхаарч, нийслэлийг орхиж, буруу хүмүүс нэр дэвшүүлснээс болоод ялагдвал 100 жилийн ой ч лөөлөө болох биз ээ.