Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор малчдад тулгарч буй асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан МОНГОЛ БАНК, ХААН БАНК, ТӨРИЙН БАНК-ны удирдлагуудад хандан санал хүргүүллээ.
Уг саналд, Дэлхий дахинаа тархаад байгаа шинэ коронавирусийн халдвар цар тахлын байдалд шилжиж ард иргэдийн аж амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлт нөхцөл байдал үүссэнийг хохирол багатай даван туулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас дэс дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоох, үйлдвэр, худалдаа, тээвэр зэрэг хүн ам олноор төвлөрөл үүсгэн ажилладаг салбаруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох зайлшгүй арга хэмжээ авч байгаа нь ноос, ноолуур, арьс, шир, мах зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтаас өрхийн дийлэнх орлогоо бүрдүүлдэг малчид, хөдөөгийн хөдөлмөрч иргэдийн хувьд эдийн засгийн туйлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна.
Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд малчид ноолуурын орлого орох үе болох 3-5 дугаар сард зээлийн эргэн төлөлтөө хийхээр тааруулан зээл авдаг байна. Банкууд ч үүнийг харгалзан үзэж зээлээ өгдөг байна. Коронавирусийн тархалтаас үүдэн энэ жил дээрх горим, хугацаа алдагдахад хүрч байгаа нь малчдаас огт хамааралгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа билээ.
Засгийн газраас ноолуурын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байраа хадгалах болон малчдын орлогыг бууруулахгүй байх зорилгоор ноолуур худалдан авахад зориулан жилийн 3.0 хувийн хүүтэй, 300.0 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгуулах, хүүгийн зөрүүг төсөв хариуцахаар шийдвэрлээд байна. Хөнгөлөлттэй зээлийг холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулж, олгож эхлэхэд тодорхой хугацаа шаардагдаж байна. Энэ хооронд малчдыг зээлээ цаг хугацаанд нь төлөх шаардлагыг арилжааны банкны зүгээс хүчтэй тавьж байгаа нь хүндрэл бэрхшээл үүсгэж байна.
Засгийн газраас Монголбанк болон Монголын банкуудын холбоотой удаа дараа зөвлөлдөж, эдийн засагт бий болсон хүндрэлийн үед зээлдэгчдээ хамгаалж дэмжих зорилгоор зээлийн гэрээг шинэчлэх, хугацааг сунгах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломжуудыг ашиглах замаар зээлдэгчдээ дэмжих талаар ойлголцсон билээ.
Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, энэ үед нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй, аливаа шимтгэл, хураамж авахгүй байх зэргээр хүн амын хүнс, эх орны үйлдвэрүүдийн түүхий эд үйлдвэрлэгч малчдаа дэмжиж ажиллахыг хүсч байна. Малчдын зээлийн хугацааг сунгаж шийдвэрлэснээр ноолуур бэлтгэлийн ажлыг Засгийн газрын бодлогын дагуу зохион байгуулах, үүний үр дүнд малчдын орлого нэмэгдэж зээлээ төлөх чадавхи сайжрах, боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ хөнгөлөлттэй зээлээр бэлтгэж үйл ажиллагаагаа хэвийн явуулах, ажлын байраа хадгалж үлдэх боломж бүрдэнэ.
Хамтран ажиллахыг санал болгож байна.
Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад тус тус санал хүргүүллээ.
Уг саналд “Covid-19” короновирусын халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Онц байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь заалтыг үндэслэн тус яаманд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг хадгалах бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан гамшгийн эрсдлээс хамгаалах штаб”-ыг байгуулан ажиллаж байна.
Иймд та бүхнийг энэ цаг үед хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй үйл ажиллагаагаа уялдуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоодод олгосон зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү, алдангиас чөлөөлөх, сэргээн босголтын үеийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналыг хүргүүлж байна.
Та бүхнийг улс орон, ард түмнээ дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаанд талархсан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гэжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ