УИХ-ын сонгууль ойртож, Монголын хагас нэртэй улстөрчид бүтэн нэр зүүхээр уралдан, костьюмаа сольж, гутлаа тосолж эхэллээ. Харин 30 жил шударга бус үйл явдлын амьд гэрч болж яваа иргэдийн дийлэнх нь УИХ-ын гишүүн гэж хэн бэ, тэр гишүүдийн ёс зүй ямар байх ёстой вэ гэсэн асуултад хариулт хайж байна.
Мэдлэгтэй, туршлагатай, сэтгэлтэй, бүтээлч нэр цэвэр улстөрчдийг нийгэм хүлээж байгаа ч тэдэнд улс төр орчмын босго дэндүү өндөрдөж байгаа. Энэ хүлээлт дээр МАН бага зэрэг тоглолт хийхээр оролдож, олон нийтийн хүлээж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж зарласан.
Гэсэн хэдий ч энэ ангилалд хэн гээч нь багтаж байгаа вэ гэдгийг МАН ил зарлаж зүрхлээгүй л явна.
УИХ-ын гишүүн гэж ер нь хэн байх ёстой юм бэ гэдэг асуултын хариу ч өнөөдөр бүрхэг байгаа. Ямартай ч хулгайч, худалч, эх орноо худалдсан, төрийн сангийн хөрөнгө рүү гар дүрсэн улстөрчдийг олон нийт жигшиж байгаа нь үнэн юм. Харин тэд энэ хавар хувцсаа сольж, нүүрээ угаачихаад дахин УИХ-д орж ирж сууна хэмээн мөрөөсөөд явж байна.
Нэр дэвшинэ хэмээн уралдан гүйж, өр тавьж, амлалт өгч, хандив зулгааж, өөрийгөө барьцаалахаасаа өмнө нийтийн хүлээж байгаа доорх шалгуурт нийцэх нэг, хоёр аятайхан чанар бий юу гэж өөрөөсөө асуухыг зөвлөж байна.
- Авилга, албан тушаалын болон аливаа гэмт хэрэгт холбогдоогүй байх,
- Хувийн эрх ашгийн үүднээс аливаа үйл ажиллагаа явуулаагүй байх,
- Хэрвээ шударга ёс ярьж байгаа бол, тэрхүү шударга ёсны үнэлэмжид хуулиар буюу шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болон аливаа хуулийн байгууллагад ямар нэгэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдсан улстөрчид багтахгүй байх ёстой.
- Шударга, зарчимч байдал, хувийн зан чанар, ёс суртахууны байдлаасаа шалтгаалан нийт иргэдийн дунд нэр хүндээ алдаагүй байх наад захын ийм энгийн тодорхойлолтод Та нийцэх үү. Танаас гадна таны өрсөлдөгчид энэ шалгуурыг хангаж чадах уу?
Н.БАТАА