Монгол бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумын нутагт тархан амьдардаг. Гэвч тус аймгуудад тархан амьдардаг бөхөнгийн тоо толгой хууль бус агнуурын золиос болох нь нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдэд энэ төрлийн хэрэг байнга шахуу гарах болжээ.
Хөх морьт суманд 2011 оны арваннэгдүгээр сард 12 бөхөн хууль бусаар агнасан бол 2013 онд 37 бөхөн хууль бусаар агнасан байна. Сүүлийн 10 гаруй жилд 200 гаруй бөхөн агнасан хэрэг гарсан ч илрүүлэлт хангалтгүй байдаг аж.
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар Мэргэжлийн хяналтын хэлтэс, Байгаль орчны газар зэрэг төрийн байгууллагынхан хөдөө орон нутагт төдийлөн шалгалт хийхгүй байгаагаас үүдэн хууль бус ангийн гэмт хэрэг илрүүлэлт тааруу байдаг юм байна.
Дэлхийд нэн ховордож буй цоохор ирвэс, монгол бөхөн, зэгсний гахай, хар сүүлт тарвага агнах хууль бус ангийн гэмт хэрэгт нэмэгдэх хандлагатай болж эдгээр амьтан устах аюулд хүрчээ.