Францын армид алба хашиж байсан гадаадын хоёр легион цэрэг сургуулилтын үеэр амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гаригт (2017.05.19) гарчээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байсан аж.
Тус армид манай улсаас 60 орчим цэрэг алба хааж байгаа юм байна. “Agence France Presse” агентлагийн мэдээлснээр осол тус улсын Марна голын орчимд завиар сургуулилт хийж байх үед орон нутгийн цагаар 11:00 цагийн орчимд сураггүй болжээ. Тухайн үед голын ойролцоо Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явсан байна.
Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирж хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орсон аж. Осолдсон цэргүүдийг уснаас гаргасан боловч удалгүй амьсгал хураажээ.
Тус улсын прокурорын байгууллага голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс болж цэргүүд амиа алдсан талаар мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Харин тус улсын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээжээ.