Уран зөгнөл, аймшгийн жанраар мэргэшсэн Америкийн зохиолч Дин Кунц 1981 онд “Харанхуйн нүд” романдаа Хятадын коронавирус грана гэдгийг зөгнөн хэлсэн нь олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьж байна. Энэ бол поп соёлын бүтээл ирээдүйг зөгнөсөн анхны тохиолдол биш юм. Жишээлбэл, “Симпсоныхон” олон ангид хүүхэлдэйн киног дэмжигчид тухайн үед Дональд Трампыг Ерөнхийлөгч болохыг зөгнөсөн гэдэгт итгэлтэй байдаг. Тэгвэл ямар зохиол бүтээл хүн төрөлхтний ирээдүйд зөв зөгнөсөн байдгийг хүргэе.
“Ухань-400”
Дин Кунцын уран зөгнөлт романд шинэ төрлийн коронавирусын талаар урьдчилан хэлсэн гэж фэнтези жанр сонирхдог Валерий Ледовской хэлж байна. “Ли Чен хэмээх нэгэн хятад эрдэмтэн Хятадын шинэ, сүүлийн 10 жилд учруулахуйц хамгийн ноцтой, аюултай биологийн зэвсгийн тухай бичлэг бүхий хатуу дисктэйгээр АНУ руу зугтсан тухай өгүүлдэг. Тэд энэ зэвсгээ “Ухань-400” гэж нэрлэдэг” хэмээн тэрбээр ярьжээ.
Түүнчлэн тэрбээр “Халдварын тархац, хүмүүс халдварын үеэр биеэ хэрхэн авч явж байгаа үзэгдэл, мөн салж хагацаж буй төрөл төрөгсөд, хотын нэр гээд ихэнх зүйл нь давхцаж байна” хэмээн фэнтези жанрыг дэмжигч Валерий Ледовской хэлсэн байна.
Харин Кунцын бүтээлийн орчуулагч Виктор Вебер үүнийг зөн билиг биш, хүмүүсийн баялаг уран зөгнөл л гэжээ.
“Дин Кунц вирус гарна гэж урьдчилан хэлсэн тухай яриа гарахад би эхэндээ хаанаас энэ асуудал гарав гээд огтхон ч ойлгохгүй байсан юм. Вирусыг энэ номны 344-р хуудсанд дурдсан байдаг бөгөөд 330 дахь тал дээр ч гардаг. Номын санаа нь огт өөр буюу өвөрөмц боломжтой хүүхдүүдийн тухай юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Үүнээс гадна энэ номыг нарийн судалбал ялгаатай олон талыг нь олж болно гэж Вебер ярьсан байна. Хамгийн гол нь вирусын улмаас үүдэлтэй нас баралтын түвшин Кунцын номон дээр бараг 100% байдаг бол коронавирусын улмаас нас барах тохиолдол 3%-тай байгаа юм.
Романд Ухань байдаг нууц лаборатори, аюулт вирусын талаар ярьдаг бөгөөд амьд амьтан үлдээдэггүй гэсэн байна.
Зөн билигчдийн гэр бүл
Шинэ төрлийн коронавирусын тухай Америкийн “Симпсоныхон” олон ангит хүүхэлдэйн кинонд 27 жилийн өмнө зөгнөж хэлсэн гэж фэнүүд нь үздэг. Энэ өвчнийг санагдуулах үйл явдал 4-р бүлгийн “Гинжинд орсон Марж” нэртэй ангид гардаг. Уг ангид цуврал киноны баатрууд Японоос жимсний шүүс шахагч захиалдаг байна. Ажилчдын нэг нь илгээмжийг савлах үеэрээ хайрцаг руу найтааж, хамт олондоо ханиад хүрсэн гэдгээ хэнд ч хэлэхгүй байхыг хүсчээ. Ингээд халдвар Спрингфилд даяар тархсан байна.
Нэмж хэлэхэд “Симпсоныхон” киноны фанатууд энэ цувралаас урьдчилсан зөгнөл олж харсан анхны тохиолдол биш. Энэ кинон дээр Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж зөгнөн хэлсэн гэж тэд хэлдэг. Тухайлбал 11 дэх цувралын 17 дахь үзэгдэлд Лиза Симпсон Трамдын дараа үлдээсэн асуудлыг зогсоохоор Ерөнхийлөгч болдог тухай гардаг аж.
Сонгуулийн өмнөх олон ангит кино
Жүжигчин эр зураг авалтын талбай дээр Ерөнхийлөгчийн суудалд суусан дүрд тоглосон нь бодит биелэл болсон юм. Энэ бол Украины одоогийн төрийн тэргүүн Владимир Зеленский. Украины “Ард түмний зарц” хэмээх 2015 оны 11 дүгээр сараас гарч эхэлсэн цуврал кинонд Зеленский эргэн тойрондоо хүндлэл хүлээсэн, шударга үнэний төлөө тэмцэгч Василий Голобородько хэмээх багшийн тухай дүрд тоглодог. Энэ дүр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийдэж, 73%-ийн үр дүнгээр ялалт байгуулдаг юм. Тэгвэл Зеленский өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд бараг л ийм үр дүнтэйгээр ялсан. 2015 онд хэн ч энэ цувралыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн улстөрийн зар сурталчилгаа болно гэж төсөөлж байгаагүй билээ.
Титан ба Титаник
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гэнэтийн зөгнөл болж чадсан зүйл гэвэл Америкийн зохиолч Морган Робертсоны гаргасан санаа. Тэрбээр 1898 онд буюу “Титаник”-ийн сүйрлээс 14 жилийн өмнө “Дэмий зүйл” гэдэг романдаа “Титан” хэмээх аварга том усан онгоц сүйрч байгаа тухай дүрсэлсэн байдаг. Усан онгоц санаанд нь орж ирсэн бөгөөд сүйрч, живж буй зорчигчид нь аймшигтайгаар хашхиралдаж байгаа тухай нүдэнд нь харагдсан гэдэг. Романд огт живдэггүй гэж тооцогдож байсан хөлөг эцэстээ Атлантын далайд дөрөвдүгээр сард мөсөн уултай мөргөлдсөн гэжээ.
“Титаник” хөлөг онгоцны сүйрлийн дараа Робертсоныг ХХ зууны агуу зөнч гэж нэрлэх болсон юм. Хэдийгээр тэрбээр алдар нэртэй болсон ч зохиолчийг хараалч хэмээн сүйрэлд буруутгасан захидал ч их ирэх болжээ.
Ирээдүйн зураг
Аргентины зураач, барималч Бенжамин Солари Парравичини өнгөрсөн зууны 30-аад онд л XXI зууны олон үйл явдлыг урьдчилан хэлсэн байдаг гэж түүний уран бүтээлийг судалдаг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Тэрээр нэгэн зураг дээрээ “Умард Америкийн эрх чөлөө гэрэл гэгээгээ алдаж, бамбар нь өчигдрийн мэт гэрэлтэхээ болих бөгөөд хөшөө дурсгал руу хоёр ч удаа халдана” гэж дүрсэлжээ.
Зураачийн уран бүтээлд дүн шинжилгээ хийсэн шинжээчид энэ бүтээлээр 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдал буюу Нью-Йоркт алан хядах ажиллагааны улмаас ихэр цамхгууд дэлбэрч нурна гэдгийг зөгнөсөн гэж үздэг байна.
Үүнээс гадна тэрбээр нэг удаа асар том эргүүлэг дээр уйлж байгаа сахиусан тэнгэрүүдийг дүрсэлж, “Япон” гэж бичжээ. Талбай дээр том “Ф” үсэг дэлбэрч, газраар нэг том шуугиан болно гэжээ. Магадгүй Парравичини 2011 онд Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарах ослыг зөгнөсөн ч юм бил үү.
Эх сурвалж: www.m24.ru
Орчуулсан: Э.МАРТ