Эдийн засагч Л.Наранбаатар АН-ын даргын зөвлөх З.Энхболдын хамааралтай ”Страто” болон бусад хоёр компанийн талаар ноцтой баримт дэлгэж байна.

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоо АН-ын зөвлөхөөр ажиллаж байгаа З.Энхболдтой холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж байгаа юм аа.

З.Энхболд нь өөрийн улстөрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй гэх хэргийг АТГ, ТЕГ, Прокурорт өгөхөөр материал бэлдээд байна.

Энэ асуудалтай холбоотой гурван компаний асуудлыг баримттайгаар ярина.

1. Страто ХХК
2. Хишиг-Арвин ХХК
3. Суруга Монгол ХХК-тай холбоотой асуудлаар би З.Энхболдыг хууль хяналтын байгууллагад өгч байна.

Страто компани: Энэ компний гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэдэг хүн бий. А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтохтой бизнес хийдэг, бизнесийн хамаарал бүхий хүн.

З.Хишигтогтох нь Страто компаний захирал гэх А.Баттүшигтэй хоёр компанийг хамтран эзэмшиж байна. Браунрок, Инфра-Инженеринг гэдэг компани байна. Энэ хоёр компаний гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажилладаг.

Түүгээр ч зогсохгүй энэ компаниудын оффис нь нэг. “New center plaza” гээд оффис байгаа. Түүний хоёр давхарт З.Хишигтогтох, А.Баттүшиг хоёр нэг өрөөнд ажиллаж байна.

Энэ асуудлаар өмнө нь твиттерт жиргэсэн. Үүнтэй холбогдуулж З.Энхболд намайг гүтгэлээ гэх үндэслэлээр өөрийн хувийн хонгилоор оруулахыг оролдсон.

А.Баттүшиг, З.Хишигтогтох нарын хамаарал бүхий копмани ямар компани юм бэ?

Энэ компани олон хууль зөрчсөн үйлдлийг хийсэн байна. Хэвлэл мэдээллээс харлаа. Шивээ-Овоо суманд оршин Страто гэх үйлдвэр 1,5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2018 оны 5 сард ашиглалтад оруулсан байна. Гэтэл ТЭЗҮ нь 2018 оны 12 сард гарсан байна. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ батлагдаагүй байхад 7 сарын өмнө үйлдвэр ашиглалтад орж нүүрс угаасан байна.

Тухайн үед энэ компанийг хууль бусаар газар авсан гэдэг асуудлаар орон нутгийнхан нь шүүхээр явж байгаа.

Энэ Страто компаний хувь эзэмшлийн бүтцийг харах юм бол 50 хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай Шинжан Сехэ эдийн засгийн худалдаа гэсэн компани байна. 37 хувь нь З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой холбоотой, хамаарал бүхий этгээд А.Баттүшиг 37 хувийг нь эзэмшиж байна. Бусад хувийг нь хоёр Монгол хүн эзэмшиж байна. 37 хувь гэдэг бол хяналтын багц.

Энэ компани өнөөдөр Таван толгойгоос сард 57 мянган тонн нүүрс авч, угаагаад явж байгаа. А.Баттүшиг хэвлэлд мэдээлэл өгөхдөө “1 тонн нүүрсээ бид нар 70 ам.доллараар аваад угаагаад цааш нь 140 ам.доллараар зардаг гэсэн мэдээллийг өөрөө хэвлэлийн бага хурлын үеэр 2019.10.10-ны орчим хийсэн байдаг юм.

Энэ компани бол Эрдэнэс-Таван толгойгоос нүүрс авч угааж байгаа компани. Жилд 1,5 сая. Үүний эдийн засгийн тооцооллыг нь харвал:

1,5 сая тонн нүүрсийг угааж баяжуулах юм бол 1 сая 275 мянган баяжуулсан нүүрс гэсэн үг. Энэ нь жилдээ 225 сая ам. доллар болох юм. Монгол мөнгөөр 740 орчим тэрбум төгрөг гэсэн үг.

Энэ компани одоо хүчин чадлаа өргөтгөж байгаа. Жилийн 4,5 сая болгох барилгын ажил нь явагдаж байгаа. Орон нутгийн иргэдээс өгсөн зургийг харахад энэ үйлдвэр явж байна. Гадаа нь нүүрс, баяжуулсан нүүрснүүд байна.

4,5 сая тонноор бодоход нэг жилдээ 2,1 их наяд төгрөгийн орлоготой компани байна. Тэгэхээр энэ бол жижиг компани биш. Маш том Хятадын хөрөнгө оруулалттай, З.Энхболдын хамаарал бүхий компани болчхоод байна.

2,1 их наяд төгрөг гэдэг бол 1072 хувьцаа эзэмшдэг 2 сая 115 мянган хүндээ хувааж үзэх юм бол нэг хүнд 1 сая төгрөг очих хэмжээний орлогыг энэ компани авах нь ээ.

Хэрвээ энэ компани цаашдаа ингээд Эрдэнэс тавантолгой дээр баяжуулах үйлдвэр барихгүйгээр, зөвхөн энэ компанид нүүрсээ нийлүүлээд ингээд 100 жил ажиллах юм бол 500 сая тонн Эрдэнэс-Тавантолгойн сор болсон нүүрс З.Энхболдын дүүгийн хамаарал бүхий компанид очих гээд байна. Очоод эхэлчихсэн, нүүрсээ угаагаад явж байна. Эхний баримт нь энэ.

Дараагийн баримт нь гэвэл:  Хоёрт нь:

Страто компанийг З.Энхболд байнга өмгөөлж ярьдаг. Та бүхэн санаж байгаа бол Страто компаний татварын маргааны асуудал, энэ компаний Баярмаа гэгч хуульч эмэгтэй Үндсэн хуулийн цэцэд хандаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглүүлсэн.

Энэ лобби процессоос харах юм бол Монгол Улсын эдийн засагт асар их учруулж болохуйц гэмт үйлдэл хийгдсэн байна.

Үүнийг З.Энхболд хамгаалж, төрийн ордноос Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа та бүхэнд ярьж байсан. Гэхдээ та бүхэнд худал мэдээлэл өгсөн. Үүндээ хариуцлага хүлээх ёстой.

Ямар худал мэдээлэл өгсөн бэ гэхээр Ашигт малтмалын татвар бол олборлоход нь 5 хувийн татвар, баяжуулаад цааш нь зарахад 5, 5 хувийн татвар. Ингээд 15 хувийн татвартай боллоо гэдэг зүйлийг Ерөнхий сайд асан Бямбасүрэнгээр гуайгаар яриулаад, маргааш нь ҮХЦ дээр унагаад үндсэндээ Монгол Улсын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүхэлд нь тэглэсэн. Энэ нь жилдээ 1,3 их наяд төгрөг орж ирдэг. Үүний тал нь бид нарын ирээдүйн өв сан руу орж, бидний үр хүүхдэд өв болж үлддэг зүйл. Бусад нь орон нутгийн хөгжилд зарцуулагддаг.

“Байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг үндсэн хуулийн заалтыг биелүүлдэг гол зүйлийг үгүй хийсэн хүн. Асуудлыг судлаад үзэхээр тухайн үед Страто компани Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй, НӨАТ-ын татварын төлөхгүй, Сангийн яаман дээр маргаан үүсгээд улмаар С.Баярмаа гэгчээрээ дамжуулж ҮХЦ-д гомдол гаргаад Цэц тэр асуудлыг нь маш хурдан өлгөж аваад нүд ирмэхийн зуур цавчаад хаясан. Тухайн үед салбарын эдийн засагчийн хувьд судлаад твиттер дээрээ жиргээд, лайв хийж байсан.

Сангийн яам болон бусад УИХ-ын гишүүд маш соргогоор хүлээн авч, буцаагаад энэ хуулийг тэр даруй сэргээсэн байдаг. Энэ бол Стратогийн 3,2 тэрбум төгрөгийн татварыг тэглүүлэхийн төлөө Монголын 1,3 их наяд төгрөгийн АМНАТ-ыг тэглүүлсэн бусармаг үйл явдал болсон юм.

Үүнийг эсэргүүцсэний төлөө З.Энхболд бас намайг хууль хяналтын байгууллагад өгч байсан. Өөрийн хувийн хонгилоороо оруулах гэж үзсэн. З.Энхболд гэдэг хүн чинь өөрөө бас хууль хүчний байгууллагад өөрийн гэсэн хонгилтой болчихсон юм байна. Цагдаа нар байна, шүүх байна, прокурорууд байна.

Маш тодорхой хэлэх юм бол З.Энхболдын эхнэр Бат-Өлзий гэж эмэгтэй байгаа. Ямар ч засаг солигдсон Хууль зүйн яаманд газрын дарга хийж байдаг. Энэ хүн Эрхүүгийн хуулийн сургууль төгссөн. Энэ хүнтэй эрхүүд цуг сургууль төгссөн хүмүүс байна.

Тэр хүмүүс нь З.Энхболдын хувийн хонгилыг үүсгээд цагдаа, шүүх, прокурор дээр байж байна. Зөвхөн намайг ч биш. З.Энхболдыг шүүмжилсэн жирийн иргэн, сэтгүүлч болгоныг энэ хувийн хонгилоороо оруулаад байна. Түүнээс та бүхэнд үүнийг онцолж хэлээд байгаа юм.

Гуравт: Страто дээр энэ бусармаг зүйлийг лоббидсноос гадна хууль бусаар татварын тогтворжуулалтын гэрээг энэ компанид олгосон байна. Татварын тогтворжуулалтын гэрээ гэдэг маань одоо байгаа татвар, бас илүү татвар нэмэгдэх юм бол төлөхгүй, хэрвээ буураад тэг болох юм бол /Жишээ нь АМНАТ-ыг З.Энхболын лоббигоор тэглүүлээ ш дээ/ 0 татвар төлнө. Ийм татварын тогтворжуулалтын гэрээг хийжээ.

Энд дөрвөн татвар байна.
1. Импортын татвар
2. Гаалийн татвар
3. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
4. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар

Одоо Үндсэн хуулийн цэц дээр татвар тэглэсэн асуудал дээр энэ компани дахиад татварын маргаан үүсгээд явж байгаа юм шиг байна. Татвар төлөхгүй гээд… Ийм нэг даварсан компани байна. Дээрээс нь Улстөрийн том лоббитой.

Улстөрийн өндөр албан тушаалтан З.Энхболд өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж, нийтийн эрх ашгийг хохироож байна гэж үзэж байгаа учраас зөвхөн АТГ биш Прокурор, Цагдаа, ТЕГ-т өгч байгаа юм.

“Хишиг –Арвин компани”

Хишиг-Арвин компанитай З.Энхболд яахаараа хамаарал бүхий болчихдог юм бэ гэхээр Ардчилсан хүчний холбоог З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох, Н.Тулгат /БЗД-ийн АН-ын нэр дэвшигч/ нар үүсгэн байгуулсан гэдэг нь бүртгэл.мн сайтаас гараад ирж байна.

Дундаа ийм улс төрийн байгууллагатай юм байна. АХХ-г үүсгэн байгуулагч Н.Тулгат “Хишиг-Арван” компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо 2-р даргаар нь ажиллаж байна уу яаж байна.

Н.Тулгат “Хишиг-Арвин компанийг 2013 онд “Эрдэнэс тавантолгой компаний хөрс хуулалтын ажлыг тендерт шалгараад явж байх үед нь гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Хувийн бизнес хийж байгаа компаний захирал яахаараа Ардчилсан хүчний холбоо гэх улс төрийн байгууллагаас, тэр тусмаа З.Энхболдтой хамтран байгуулсан энэ байгууллагаас томилогдож очдог юм бэ? Энд эрүүл бус үзэгдэл ажиглагдаж байна.

Хишиг-Арван компани 2013 оноос хойш өнөөдөр хамгийн багадаа 3 их наяд төгрөгийн орлого олсон. Эрдэнэс тавантолгой компаниас ийм хэмжээний мөнгийг энэ хүмүүс олсон хамгийн багадаа, магадгүй үүнээс ч их байх байх. Энд АУДИТ оруулахыг шаардаж байна.

Зөвхөн энэ жил гэхэд “Хишиг-Арван” компани 800 тэрбум төгрөгийн үнэтэй тендерийг авсан. Гэхдээ нэг жил биш гурван жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл 800 тэрбум төгрөгийн хэмжээтэй ажлыг гурван жил дараалан хийхээр шалгараад ажиллаж байна. Ингээд З. Хишигтогтох, “Хишиг-Арван компани, Хишигтогтох, Батхишиг гээд баахан хишигтэй нөхдүүд ингээд яваад байна ш дээ. Энэ асуудлыг АТГ ТЕГ, Ерөнхий прокурорын газраас шалгаад өгөөч гэж хүсч байна.

Яагаад гэвэл хамаарал бүхий энэ этгээдүүд “Хишиг-Арван” компанитай холбоотой бизнес хийгээд байж магадгүй.

Суруга Монгол

Суруга Монгол гэхээр та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. 2013 оны 3 сарын 12-ны өдөр сонин.мн сайтад “Монголын улс төр, бизнесийн бүлэглэл Суруга Монголын захирлыг зохиомол хэрэгт унагажээ” гэсэн мэдээ гарсан.

Энэ мэдээнд дурьдаж байгаагаар бол Япон улсын иргэн 67 настай Цүнэяки Хара-тай гэдэг хүний тухай гарч байгаа. Энэ хүнийг тухайн үед зочид буудалд байхад нь хар тамхи хэрэглэсэн гэх нэрийдлээр баривчлаад 4 сар шоронд хийсэн.

Улс төрийн нөлөө бүхий иргэд энэ хэрэгт оролцсон гэх мэдээлэл энэ дээр гарсан байна. Суруга Монголын захирал хар тамхины хэрэгт гүтгэгджээ гэдэг мэдээлэл 2012 оны 4 сард цацагдаж байсан байна. Суруга Монгол компаний захирлын гэм буруугүйг тогтоожээ гэсэн мэдээ 2013 онд гарч байсан байна.

Ингээд Япон улсын иргэн гэм буруугүй нь тогтоогдоод эх орон руугаа буцсан. Ингэхдээ Компаниа улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд шилжүүлсэн байдаг.

Эндээс улс төрийн нөлөө бүхий этгээдүүд энэ компанийг дээрэмдээд, япон улсын гэмгүй иргэнийг бузар булай байдалд хутгаад Монголоос хөөж явуулсан асуудал хэвлэлийн хуудсанд үлдсэн байна.

Надад нэг мэдээлэл ирсэн. Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн барьсан “Хүннү 2222” хороолол Суруга Монголын улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн дээрэмдэж авсан гэх газар дээр баригдсан.

Хачирхалтай нь З.Энхболдын дүү З.Хишигтогтохын нэр дээр “Хүннү 2222” хорооллын 101, 102, 103, 104, 118-р байр гээд нийт таван байрны 8-р давхруудыг тэр чигт нь бүхлээр нь авсан асуудал.

Үнэлгээгээр ярих юм бол дор хаяж 4-5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц. Одоо байгаа энэ компаниудын бүртгэлыг харахаар сэжиг бүхий үйлдэл байгаа учраас хууль хяналтын байгууллага шалгаад тогтоох хэрэгтэй.

З.Хишигтогтох ямар байдлаар, ямар санхүүжилтээр, хэзээ ямар эх үүсвэрээр СуругаМонголын газар дээр барьсан байруудыг 8-р давхаруудыг авсан гэдгийг шалгах, нягтлах хэрэгтэй байна.

Ийм гурван үндэслэлээр материалуудаа бэлдээд явж байна хэмээн ярив.

Н.БАТАА

By updown