Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрч, монголчуудыг айдаст автуулав. Халдвар илэрсэн өдөр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэдэг шиг хүн бүхэн зах гарч, дэлгүүр хоршоонд бөөгнөрч, шатахуун түгээх станцид очерлоод амжив. Тэглээ гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ гэж дуулдсангүй. Гэтэл Монголдоо томоохондоо тооцогддог Имарт сүлжээ дэлгүүр 24-хөн цагийн дотор махны үнээ нэмсэн тухай нэгэн иргэн өөрийн фэйсбүүктэй постолжээ.

Түүний хэлж байгаагаар “Гуравдугаар сарын 8-нд Имартын Чингис салбараас үхрийн татсан мах авахад кг нь 16600, хонины нуруу 10600 байсан. 10-ны өдрийн 15.00 цагт мах авах гээд иртэл үнэ нь хэвээрээ ч мах нь дуусчихсан байсан. Ингээд 11-ний өдөр мах авах гэтэл хонины нуруу 12100, үхрийн мах 18100 болчихсон байсан. Тиймээс өргөдөл гомдол гаргаж, ханддаг газар нь хандаж хариуцлага тооцуулна” гэв.

Emart: Бид махны үнээ ЖААХАН нэмсэн / 1500төгрөг/

Харин Имарт худалдааны төвийнхөн “Бид Баяндэлгэр хүнс компанийн фирмийн махыг худалдаалдаг. Энэ компани маань махаа бэлтгэж, тээвэрлэхдээ, чанарын шаардлага тавиад явдаг газар. Мөн коронавирусийн энэ үед махны нийлүүлэлт ганц манай дээр ч гэлтгүй бусад захуудад ч гэсэн хэцүү байгаа. Манайд мах нийлүүлдэг Баяндэлгэр хүнс компани нөхцөл байдалтайгаа нийлүүлээд манайх махны үнээ нэмэх шаардлага тулгараад байна гэсэн хүсэлт өгсөн. Үүнийх нь дагуу бид махаа тасалдуулахгүйн тулд хүлээж аваад махны үнээ жаахан нэмсэн. Огцом айхтар нэмээгүй. Бага зэрэг нэмсэн” гэх тайлбарыг өгcөн байх юм.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ихэнх газрыг хааж, эдийн засаг хүнд байхад хэцүү үеийг далимдуулж Имартынхан махны үнээ ийнхүү нэмж байгаа нь ямар учиртай вэ. Үүнийхээ бурууг мах нийлүүлдэг компани руу чихэж, нэмсэн 1500 төгрөгөө бага зэрэг нэмсэн гэж монголчуудыг басамжлаад амжив.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Зохиомол хөөрөгдөл үүсгэж, үнэ өсгөж байгаа мэдээллийг хүлээж авна

Тэрбээр “ХХААХҮЯ-д 109 малчин лавлах ажиллаж байгаа. Энэ лавлахаар дамжуулж зохиомол хөөрөгдөл үүсгэж, үнэ өсгөж байгаа мэдээллийг хүлээж авна. Засгийн газар 8 нэрийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч байна. Хүнсний гол хангамжийн 3-4 сарын нөөцийг бүрдүүлж чадсан. Цаашид улирлын хэрэгцээг хангахуйц хүнсний нөөцийг бий болгох чиглэл бариад ажиллаж байна. Бий болсон амаргүй нөхцөл байдлын үед зохимолоор хүндрэл үүсгэх, үнэ ханш хөөрөгдөх, ард иргэдийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг бүх шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн тайлбарыг өгөөд байгаа.

Махны үнийг нэмэх шалтгаан өнөөдрийн байдлаар Монголд гаргаад ирье гэсэн ч үнэндээ алга. Махны нөөц хангалттай юу гэвэл хангалтай. Шатахууны үнэ өсөх нь байтугай “буурна” гэж салбарын сайд Д.Сумъяабазар хэлээд байна. Үнэндээ өөр шалтаг алга.

Ер нь бол хүнд хэцүү цаг үед үнээ нэмэх бодлого барьж байгаа аж ахуйн нэгжүүдийг л буруутгахаас өөр арга алга. Ерөнхий сайд хүртэл энэ чиглэлд анхаарч ажиллахыг өнгөрсөн өдрүүдэд олонтаа сануулсан. Түүгээр ч барахгүй үндэслэлгүйгээр үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдийг Зөрчлийн тухай хуулиар таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болоод байгаа.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр өвчин зовлон тархаж магадгүй энэ хүнд хэцүү цаг үед стратегийн өндөр ач холбогдолтой махны үнийг ийнхүү үндэслэлгүйгээр нэмж буй аж ахуйн нэгжүүдийн “толгойг” илээд сууж болохгүй байх. Тиймээс ШӨХТГ-аас энэ мэт үйлдлүүдэд анхаарлаа нэн яаралтай хандуулж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Магадгүй бусад аж ахуйн нэгжүүд махны үнээ нэмж буй энэ мэт үйлдлийг даган дуурайж стратегийн өндөр ач холбогдол махны үнээ нэмээд хэлвэл коронавирусийн асуудлаас болж цалингүй, түрээсгүй, орлогогүй болчихоод гэртээ сууж буй иргэд юугаараа махаа худалдаж авах вэ.

Имарт худалдааны төвийн махны үнэ нэмсэн асуудалд хариуцлага нэхэж, шаардлага тавих нь зүйтэй болов уу.

[fbvideo link=”https://www.facebook.com/100003206863183/videos/2738365992946936/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]

By updown.mn

Мэдээний админ