Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захиргааны харьяа газруудын удирдлагууд цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн: “ Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН-үүдээс 168 гаруй ААН захирамж зөрчиж, үйл ажиллагаа явуулсан байна.
Удаа дараа давтаж үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийг дурдвал,
- СХД-ийн “Ану” төв цахим тоглоомын газар удаа дараа захирамж зөрчиж ажилласан
- БЗД-ийн “Марина” цахим тоглоомын газар таван удаа захирамж зөрчиж ажилласан
- Баянгол дүүргийн “Фокус” цахим тоглоомын газар удаа дараа захирамж зөрчиж ажилласан
Цагдаагийн байгууллагаас захирамжийг зөрчсөн 77 ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт хүргүүллээ. Төрөөс гаргаж байгаа захирамжуудыг иргэд хэрхэн биелүүлэх вэ гэхийн оронд захирамжийг яаж зөрчих вэ гэсэн хандлагатай байна. Нус, цэр, шүлсээ хаясан, ил задгай бие зассан гэх 6898 зөрчилд 76 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулаад байна.
Авто тээврийн товчоод дээр 02.07-ноос хойш шалгалт явуулж байгаа ба өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. УОК-оос сар шинийн баяраар орох гарах хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор 03.03-03.08-ны хооронд товчоод дээр ажилласан.
Эхний өдөр УБ руу нийт орсон гарсан 54383 тээврийн хэрэгсэл, 190400 гаруй зорчигчид орж гарчээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд 14550 тээврийн хэрэгсэл орж гарч, 49277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагджээ.
Энэ хугацаанд нийт 158746 тээврийн хэрэгсэл, 608724 зорчигч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Иргэд утсаар зөвлөгөө авч эмнэлгийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: “Нийт 5631 ААН, иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр зогсоолоо. Нийслэлд 945 баар 325 сүмд хяналт шалгалт хийн ажиллаад байна. Түр хаах захирамжийг иргэд ухамсартайгаар хүлээн авч тогтоолыг хэрэгжүүллээ.
Гэвч зарим зөрчил гаргасан байгууллага ААН-үүдэд зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг үйлчилгээний газрууд ч байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан” гэв.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: “НЭМГ-аас Нийслэлийн засаг даргын шийдвэрээр ажилтан албан хаагчид өнгөрсөн сарын 21-ээс эхлэн нийслэлийн иргэдэд коронавирусаас урьдчилсан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж ажиллаж үр дүнд нь одоогоор 60136 зөрчил илрүүлсэн” гэх мэдээллийг тус тус өглөө.