Хоёрдугаар сарын 23-28 хооронд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан 60 гаруй орны 6000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсаас Ремакс компанийн 24 хүн оролцсон байна. ЭМЯ-ны зүгээс нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн халдвар бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх тухай зөвлөгөө, зөвлөмж өгч байгаа ч Remax компани зөвлөмжийг үл хайхран 24 ажилтнаа АНУ зэрэг явуулжээ.
Хамгийн ноцтой нь “Ремакс” компанийн 24 ажилтны оролцсон форумд хүрэлцэн очсон Канад Улсын иргэн коронавирусын халдвар авсан нь батлагджээ. Энэ хуралд оролцсон тус компанийн 24 хүний 16 нь Улаанбаатарт буцаж ирсэн бөгөөд 3 сарын 3-наас хойш цувж ирсэн тэднийг ХӨСҮТ хяналтанд авчээ.
Тус компанийн 16 ажилтан Лас Вегаст болсон Олон улсын форумд оролцсон гэдгээ нуухыг оролдсон ч эрүүл мэндийн хяналт хийж байгаа байгууллагуудад баригджээ. Худал мэдээлэл өгч, тусгаарлах арга хэмжээнээс зугтах нь эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагууд удаа дараа сануулсаар байгаа юм.
Лас Вегаст болсон хуралд хамт оролцсон 8 хүн хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Тэд одоогоор коронавирустай хүнтэй тасалгааны агаар солилцоонд орсон анхны монгол хүмүүс болж байна. Хурал, зөвлөгөөн нэг дор олон хүн бөөгнөрч, агаарын солилцоо муу учраас халдвар авах өндөр эрсдэлтэй” орчин гэж эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээрээ онцлон хэллээ.