Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдаас Улсын шалгалт авахгүй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө, ЕБС-ийнн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй.  Ингэхдээ сурагчдыг зөвхөн явцын дүнгээр дүгнэнэ.

“Бид Боловсролын үнэлгээний төвтэй ярилцаж уг шийдвэрийг гаргалаа.  ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн хүүхдүүдээс улсын шалгалт авахгүй. Хүүхдүүд хоцрогдсон хичээлүүдээ нөхөх, хичээлийн жилд үзэх ёстой судлагдахуунуудаа жигд сайн суралцаж төгсөх шаардлагатай байна.

Түүнчлэн Математик, Монгол хэл, Гадаад хэл гэх мэт улсын шалгалт авдаг хичээлүүддээ л анхаарч бусдыг анхаарахгүй орхигдуулах сул талтай байгаа учир энэхүү шийдвэрийг гаргалаа. Анги дэвших шалгалтыг цаашдаа ч авах шаардлагагүй юм байна гэж бид үзэж байна. Дэлхийн бусад улс орнуудад энэ төрлийн шалгалтыг авдаггүй. Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой.

Дөрөв, тавдугаар сард 2019-2020 оны бүх хичээлийн хоцрогдлыг арилгаж жигд мэдлэгтэй төгсгөх тал дээр анхаар ажиллана. Харин ЭЕШ зурагдугаар сарын 8-11-нд улс орон даяар явагдана. Өнгөрсөн жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун гэсэн 3-4 хичээл байсан бол энэ жил зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах болно. Сурагчид багш нартайгаа уулзан шалгалтад бэлдэх боломж хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Өмнөх жил босго оноо 400 байсан нь энэ жил ч хэвээр байх болно.

Гэхдээ шалгуулагч наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд заавал өгнө. Хэрэв шалгуулагч уг шалгалтад амжилтгүй орвол, оролцож чадаагүй хүүхэд тавдугаар сарын 16-нд өгнө. Энэхүү хоёр шалгалтыг шалгуулагч заавал өгөх ёстой. Монгол хэлний босго оноо 400-г давж байж ЭЕШ өгөх боломжтой болно. Өнгөрсөн жил 18 мянган шалгуулагчид хамрагдсан ЭЕШ-ыг нэг цаг хугацаанд цахимаар явуулсан нь элдэв хэл ам дагуулалгүй маш амжилттай болсон гэж үзэж байна.

Энэ жил 28 мянга орчим хүүхэд шалгалт өгнө. Хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байвал харин шалгалтын энэ байдлыг үргэлжлүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ сарын 30-нд хорио цээрийн хугацаа дуусч хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах байх хэмээн найдаж байна. Эс тэгвэл багагүй хүндрэлүүд гарах гээд байна”  гэсэн юм.

Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдахыг онцоллоо. Тэрээр теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр уулзаж тэдний саналыг сонссон юм.

Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн