Монгол Улсын БСШУСЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2017-2018 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцах 10 оюутныг сонгон шалгаруулхаар болжээ.
Тэтгэлэг олгох чиглэл нь мастерын сургалт, хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик зэрэг мэргэжлээр суралцвал давуу тал болох юм байна.
Элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 26-н хүртэл Монгол Улс дахь Францийн Элчин сайдын яаманд авах бөгөөд Монгол Улсын иргэн байх, Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын дипломтай байх, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц, эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх шаардлагатай аж.
Тус тэтгэлэг нь хоёр орны Засгийн газар хоорондын харилцааг өргөжүүлэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой юм байна.