[starbox]
Иранд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Сонгуулийн далд явуулга ч эхнээсээ эцсээ хүртэл үргэлжилж байгаа аж. Шинэчлэлийн хүчнийхэн ч, консерваторуудын аль нь ч амжилтад хүрэх магадлал өндөр байна. Хоёр талынхан эхний шатанд ялалт байгуулахын тулд боломжтой бүхнийг хийж байгаа гэнэ. Сонирхолтой нь Ираны тэргүүн асан Махмуд Ахмадинежад сонгуульд нэрээ дэвшүүлж чадаагүй юм. Тиймээс гол тэмцэл өнөөгийн Ерөнхийлөгч Хасан Роухани, “хатуу шугам”-ыг баримтлагч Эбрахим Раисигийн дунд өрнөж байна.
Иранд зарим хүн “хар”, “цагаан” хоёрын дунд тэмцэл өрнөж байна гэж шоглон ярьцгааж байгаа аж. Учир нь Роухани цагаан, Раиси хар толгойн ороолт зүүдэг. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгууль эсэргүүцлийн жагсаалт цуглаанаар өндөрлөж, хэдэн зуун хүн баривчилагдаж байсан билээ. Тус улсад Ерөнхийлөгч нь сонгуулийн дээд албан тушаалтан бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнд тооцогддог.
Эбрахим Раиси гэж хэн бэ?
Раиси бол консерватив гэгээнтэн ба сеид. Сеид гэдэг нь шийтийн уламжлалаар зөнч Мухаммедаас шууд бусаар удам залгамжилж явдаг хүн. Тэрбээр 56 настай. Шашны эрдэмтэн, хатуу арга хэмжээг дэмжигч. Раиси хууль цаазын салбарт өндөр амжилттай ажиллаж байсан, 25 жилийн турш Тегераны ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байжээ. 1988 онд тэрбээр “Үхлийн комисс” гэгчид суудаг дөрвөн шүүгчийн нэг болсон юм. Энэхүү комисс нь улс төрийн 4000 гаруй хоригдолд цаазын ял оноожээ.
2010 онд Раиси хэдэн арван жагсагчийн цаазын ялыг биечлэн гүйцэтгэсэн юм. Түүнийг Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеи дэмждэг гэж үздэг аж. Раисигийн хувьд Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр гараад байдаггүй. Гэхдээ түүнийг нэрээ дэвшүүлснийг Ираны олон нийтийн сүлжээ, Иранаас өөр оронд төвлөрдөг Персийн сувгуудаар шуугин хүлээн авч байна.
Хасан Роухани гэж хэн бэ?
Тэрбээр 2013 онд улс орныхоо олон улсаас тусгаарлагдмал байдлыг эцэс болгохоо амлаж, чөлөөт нийтийг бүтээнэ хэмээн амлаж, Ираны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хоёр жилийн дараа Ираны Засгийн газар дэлхийн зургаан гүрэнтэй түүхэн гэрээ хийж, эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд цөмийн хөтөлбөрөө хэсэгчлэн зогсоохоо мэдэгдсэн билээ.
Роухани кампанит ажлынхаа үеэр 1997-2005 онд төр барьж байсан “Ираны Горбачев” гэгдэх Мохаммад Хатами тэргүүтэй шинэчлэгчдийн дэмжлэгийг авчээ. “Хэдийгээр асуудал, хүндрэл, хүлээлтийн зовлон бий хэдий ч Роуханигийн удирдлага маш амжилттай байж чадсан. Түүний төлөө саналаа өгснөөр бид бодол санаа, шүүх, хэлэлцээр хийх, иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн шударга байдлын төлөө саналаа өгч буй юм” хэмээн Хатами мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр Роуханигийн инфляцитай хийсэн тэмцлийг үнэлсэн байна. Үнэхээр ч Роуханиг төр барих хугацаанд инфляци жилийн 40 хувиас 9.5 хувь болж буурсан юм. Роухани шийтийн шашны өндөр боловсролтой, эрх зүйч. Глазгогийн Каледоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Араб, англи, франц, герман, орос хэлтэй.
Энэ сонгууль юугаараа ач холбогдолтой вэ?
Иран бол Ойрхи Дорнодын чухал тоглогч. Тегеран одоо ч цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байна. Тус улс Сирид интервенци хийж, Иракт шийтүүдийн Засгийн газрыг дэмжих нь нэг талаар аюул, нөгөө талаар бүс нутгийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой хүч болж харагддаг.
Ираны Дээд удирдагч нь Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагааг хянадаг байна. Тиймээс харахад ёс төдий юм шиг боловч Ерөнхийлөгчийн үүрэг, нөлөө их. Бүгд л түүнд захирагдаж, исламын хуулийг дагадаг. Гэвч өдгөө Дээд удирдагч аятолла Али Хаменеи 76 нас хүрч, эрүүл мэндийн байдал нь мууджээ. Тийм болохоор Ерөнхийлөгчийн энэхүү сонгууль ач холбогдлын хувьд тун өндөр болж байгаа юм.
Сонгогчдыг ямар асуудал санаа зовоож байна вэ?
Иргэдийн хөндөж буй гол асуудлын нэг нь эдийн засаг байна. Иран улс аж үйлдвэр, , эрчим хүч, барилга зэрэг хуучирч буй дэд бүтцээ сэргээхэд гадны хөрөнгө оруулалт татах шаардлагатай божээ. Иргэдийг мөн ажилгүйдэл, баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй зэрэг асуудал хамгийн ихээр түгшээж байна. Раиси эдгээр асуудал дээр гол тоглолтоо хийж, ядуусын хамгаалагч мэт харагдахыг хичээж байгаа аж.
Тухайлбал, тэрбээр ажилгүйдэл, ядуусыг тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлэхээ амласан байна. Роухани ч мөн системийн шинэчлэл хийж, тус улсын дэд бүтцэд хөрөнгө оруулна гэж амлаж буй. Мөн үг хэлэх эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө нь чухал асуудалд тооцогддож байна. Иранд өдгөө “Facebook”, “Twitter”, “Youtube” хуудсууд хаалттай байдаг ч “Telegram” мессэнжер, “Instagram” хуудсыг хүлээн зөвшөөрдөг аж.
Раиси Роуханигаас ялгаатай нь эдгээр хуудсыг хаах хэрэгтэй гэж үздэг. Консерватив нэр дэвшигч түүнчлэн Ираны иргэд ямар хувцас, яаж өмсөхийг хяналтаа чангатгахыг хүсч буй гэнэ. Тухайлбал, өдгөө олонх охид алчуураас нь үс нь цухуйсан хижаб /лалын шашинтнуудын өмсдөг хувцас/ буюу биеэ барьсан даашинз өмсдөг. Роуханигийн үед үүнд хэвийн ханддаг байлаа. Харин Раиси энэхүү “дураараа аашлах” асуудлыг дуусгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: