Өчигдөр хуралдсан Нийслэлийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Улс хоорондын автозам зорчих хөдөлгөөнийг хязгаарлалтын хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Төрийн албан хаагч болон үйлдвэр үйлчилгээний газрын ажилчдад хүндрэл учруулахгүйгээр гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх тарах үед үйлчлэхээр болсон байна. Ингэснээр маргааш, нөгөөдөр нийтийн тээвэр өглөө, оройдоо хэвийн зорчиж, өдрийн цагаар хязгаарлагдмал хэмжээнд үйлчилж, гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн Даваа гаригийн 08:00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй.
- Баар, фитнесс, цанын бааз, иогийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа, амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаана. Харин ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож өөрчиллөө.
- Япон, БНСУ-аас орж ирсэн монгол иргэдийг орж ирсэн боомт дээр нь 14 хоног тусгаарлах,
- Төрийн албан хаагчдыг гадаад улс орон болон хөдөө орон нутаг руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглов.