МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийнхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд өнгөрсөн онд талууд Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсөн дэх хүнд металлын бохирдлын судалгаа хийжээ. Судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын хөрснөөс санамсаргүй түүврийн аргаар 216 дээж авсны 42-т нь хавдар үүсгэгч хортой элемент байгааг тогтоосон аж.
Тиймээс Туул голын сав газрын захиргаа болон судалгааны баг энэ онд дээрх 42 цэгийн ойролцоох айл өрхийн унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа худгийн уснаас дээж авч, олон улсад магадлан итгэжлэгдсэн лабораторид шинжлүүлэх болсноо мэдэгдэв