Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно. Ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх энэ удирдамжийн хүрээнд дүүргийн Засаг дарга нар хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх бүх чиглэлээр ажиллана” гэв.
Дүүргийн Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, сурталчлах, угаарын хий мэдрэгийг зөв ашиглаж байгаа эсэх асуудалд хяналт тавих, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх ажиллана. Мөн шинэ төрлийн халдварт коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжид хяналт тавина. Нийслэлийн удирдлагууд 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг дарга нар дүүрэг хороодын нутаг дэвсгэрт тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 хүртэл метр талбайг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгэ үйлчилгээ , эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудад хяналт тавьж ажиллах юм. Түүнчлэн “Нэг хот-нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулж хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлж, дүрэм журам, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт хяналтын тогтолцоог сайжруулж ажиллах аж.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг олон нийтэд нээлттэй байршуулна. Иргэдийн зүгээс дүүргийн Засаг дарга нар тухайн хороондоо хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх гомдол мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэдээллэж болно” гэв. Энэхүү удирдамжийн биелэлтийг 14 хоног тутам гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст нэгтгэж дүгнэх юм байна.