Мөнгөн усанд хордсон таван хүний биеийн байдалд хүнд байгаа гэх мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын XIV гудамжны .. тоотод байрлах иргэн С-ын гэрт алт угааж, мөнгөн ус алдагджээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 30-31-нд шилжих шөнө гэрийн нөхцөлд хууль бусаар алт угааж байгаад мөнгөн ус алдсаны улмаас таван хүн хордсон байна. Тэдний дөрөв нь 30-50 насныхан бол нэг нь бага насны хүүхэд байжээ. Хордсон иргэд Хордлогын яаралтай түргэн тусламжийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Клиникийн гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа ч хоёр хүнийх нь бие муу, хэд хэдэн мэс засалд ороод байгаа гэнэ.
“МОН-ОР” БАРИЛГЫН КОМПАНИЙН ЭЗНИЙ ХАШААНД МӨНГӨН УС АЛДАГДЖЭЭ
Алт угааж байгаад мөнгөн ус алдсан гэх айлыг бид зорив. 8-10 айлын газрыг өмчилж, хашаандаа гурван ижилхэн хаус сүндэрлүүлж, хоёр гэр барьж, тоосгоор хашаалж, төмөр хаалгаар тусгаарласан байлаа. Хашааных нь хаалгыг хэсэг тогшив. Хүн байхгүй бололтой халтар нохой хашаан дотроос хөлийн чимээгээр зогсоо зайгүй боргоно. Хашааных нь үүдээр хэд хэдэн машин орж гарсан гэмээр тод мөр байв. Мөн хоёр давхар байшингуудын үүдний гэрэл асаалттай, зарим цонх нь онгорхой байлаа. Иргэн С-ынх энэ хашаанд долоон жилийн өмнө нүүж ирсэн гэнэ. Энэ талаар XIV гудамжны .. тоотын эзэн “Манайх энд нүүж ирээд 11 жил болж байгаа. Манайхыг нүүж ирснээс дөрвөн жилийн дараа эднийх энд бууж, наад талын хоёр хаусыг барьсан. Саяхан цаад талын хаусыг нь барьсан юм. Том, том машин унасан хүмүүс ирж, яваад л Гэхдээ хашааны хаалгаа тэр бүр онгойлдоггүй айл. Хаалга нь удирдлагатай, байнгын харуултай байдаг. Анх сонсож байхад “Мон-Ор” гээд барилгын компанийнхан гэж байсан. Ах, дүүгээрээ нийлж энд газар аваад, амьдарч байгаа гэсэн. Хашааных нь хаалга байнга цоожтой байдаг учраас дотроо чухам юу хийдгийг сайн мэдэхгүй. Хорооны ажилчдыг ч оруулдаггүй. Алт угааж, мөнгөн усанд иргэд хордсон талаар сонсоогүй” хэмээв. Уг хашаатай залгаа 5-6 айлын газрын хэмжээтэй хашаан дотор агуулахын зориулалттай бололтой хоёр байшинтай айл байв. Тэр хашаанд “Мон-Ор” компанийн ажилчид амьдардаг гэнэ. Биднийг хашааны үүдэн дээр зогсож байтал цагаан өнгийн “Приус-20” маркийн автомашинтай 30 орчим насны эмэгтэй машин дотроосоо хаалгаа онгойлгоод оров. “Юм асууя” гэтэл юу ч хэлэлгүй хаалгаа хааж, гэр рүүгээ орчихав.
ХАШАА РУУГАА ХҮН ОРУУЛДАГГҮЙ АЙЛ
Энэ хоёр хашаанд хэн амьдардаг, ямар үйлчилгээ эрхэлдэг, мөн мөнгөн усанд хордсон иргэдийн талаар тус хорооны XIV дүгээр гудамжыг хариуцсан хэсгийн төлөөлөгч Б.Болорчимэгээс тодруулахад “..тоотод айл амьдардаггүй. Хүн байхгүй. Манай хэсэгт мөнгөн усанд хүн хордсон хэрэг гараагүй” гэв. Харин 33 дугаар хороо нь өнгөрсөн жилээс өрх тусгаарлаж, тусдаа гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороог салгаж, 33,34 дүгээр хороог байгуулсан аж. XIV гудамжны хэсгийн хуучин байцаагчаас тодруулахад “Намайг хэсгийн ахлагч хийж байхад тэр айл хашаандаа хүн оруулдаггүй байсан. Анх нүүж ирж байхад нь бүртгэл хийх гээд очтол бүртгэлээ ч хийлгээгүй. Амьдрах зориулалтаар газар худалдаж авсан л гэж хэлсэн. Би хэсгийнхээ айлуудыг бүгдийг нь хаягтай болгох гэж зорьсны эцэст тэр айлыг бүртгэж байсан юм. Сонгууль болон хорооны ажлаар гэрт нь очихоор хөөж туудаг. Хогоо ч ачуулдаггүй айл байсан” гэлээ.
Мөнгөн ус хэр тархсан нь тодорхой бус
Хордсон хүмүүсийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С.Юндэнгээс тодруулахад “Сүүлийн үед химийн хордлого ихсэх хандлагатай байна. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын албанаас мөнгөн усанд таван хүн хордсон гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу хордсон гэх иргэдээс шинжилгээ авахад, мөнгөн ус илэрсэн. Мөнгөн усанд хордож болох хэмжээнээс хэд дахин их хордсон хоёр иргэний биеийн байдал хүнд байна. Харин хүүхдэд цаг алдалгүй эмчилгээ хийсэн учраас бие нь харьцангуй тогтворжиж, сайжирч байгаа. Монгол Улсын Химийн хуульд хүн ам олноор суурьшсан газар хортой, аюултай химийн бодисоор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл энэ хуулийг зөрчиж, өөрийн болон бусдын амь насанд заналхийлсэн үйл явдал боллоо. Мөнгөн усны шинжилгээнд зөвхөн таван хүн хамрагдаж, тэдний биенээс хор илэрсэн. Мөнгөн ус цааш тархаж, хажуу айл болон бусад хүнийг хордуулсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хор цааш тархсан эсэхийг холбогдох албаныхан тодруулж байгаа” гэв.
Үргэлжлэлийг Үндэсний шуудан сонины вэб сайтаас уншина уу