Улсын Дээд шүүх 2019 онд эрүү, иргэн, захиргааны нийт 3015 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2114 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувь нь захиргааны, 31.9 хувь нь эрүүгийн, 47.5 хувь нь иргэний хэрэг байна.
ЭРҮҮГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
Эрүүгийн хэргийн танхим нийт 971 хэрэг хүлээн авч, эрүүгийн 665, цагаатгалын 9 буюу нийт 674 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 130 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, 129 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 63 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 11 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 210 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 674 хэргийн 42.4 хувь буюу 286 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 32.2 хувь буюу 217 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 25.4 хувь буюу 171 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 171 хэргийн 41 хувь буюу 70 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 34 хувь буюу 58 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 12.8 хувь буюу 22 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, 12.2 хувь буюу 21 хэргийг хэрэгсэхгүй болгож (үүнээс 4.6 хувь буюу 8 нь цагаатгалын хэрэг) шийдвэрлэжээ.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 57 хувь буюу 384 хэргийг өмгөөлөгчийн гомдлоор, 14.7 хувь буюу 99 хэргийг ялтны гомдлоор, 11.4 хувь буюу 77 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 7.8 хувь буюу 53 хэргийг прокурор (цагаатгал 9)-ын дүгнэлтээр, 5.5 хувь буюу 37 хэргийг хохирогчийн гомдлоор, 2.8 хувь буюу 19 хэргийг хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор, 0.5 хувь буюу 3 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 0.3 хувь буюу 2 хэргийг цагаатгагдсан этгээдийн гомдлоор хэлэлцсэн байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 674 хэргийг гэмт хэргийн төрлөөр авч үзвэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 100, хулгайлах гэмт хэрэг 90, хүчиндэх гэмт хэрэг 73, хүнийг алах гэмт хэрэг 70, залилах гэмт хэрэг 62, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 58, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 44, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 21, дээрэмдэх гэмт хэрэг 18, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 16, хөрөнгө завших гэмт хэрэг 13, мал хулгайлах гэмт хэрэг 11, хахууль авах гэмт хэрэг 6, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 4, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 4, хахууль өгөх гэмт хэрэг 3, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2, хүн худалдаалах гэмт хэрэг 1, бусад төрлийн гэмт хэрэг 75 байгаа аж.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 23 хэргийн 65.3 хувь буюу 15 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 13 хувь буюу 3 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулж, 21.7 хувь буюу 5 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 13 хувь буюу 3 хэргийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр, 13 хувь буюу 3 хэргийг хоёр шүүгчийн тусгай санал гаргасан үндэслэлээр, 8.7 хувь буюу 2 хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр, 4.4 хувь буюу 1 хэргийг прокурорын дүгнэлтээр, 60.9 хувь буюу 14 хэргийг ялтан, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 110-аар буюу 12.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 101-ээр буюу 17.6 хувиар өсчээ.
ИРГЭНИЙ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
Иргэний хэргийн танхим нийт 1370 хэрэг хүлээн авч, 1004 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 224 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 36 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах эсэхийг хэлэлцэж, 54 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 15 хэргийн харьяаллыг тогтоосон байна.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 53 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1092 хэргээс нэг шүүгчид 156 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 1004 хэргийн 63 хувь буюу 634 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 14 хувь буюу 142 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10 хувь буюу 101 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 10 хувь буюу 101 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3 хувь буюу 26 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 67 хувь буюу 673 нь хариуцагчийн, 31.6 хувь буюу 317 нь нэхэмжлэгчийн, 1.3 хувь буюу 13 нь гуравдагч этгээдийн, 0.1 хувь буюу 1 нь прокурорын гомдлоор хянан хэлэлцсэн байна.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 678, Хөдөлмөрийн тухай хуулиар 219, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 52, Гэр бүлийн тухай хуулиар 29, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 5, бусад хуулиар 21 хэрэг байна.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2019 онд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нийт 29 хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан 6 намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Түүнчлэн намын дүрэм, мөрийн хөтөлбөр, даргын өөрчлөлтөө бүртгүүлэх тухай давхардсан тоогоор 14 хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.
ЗАХИРГААНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
Захиргааны хэргийн танхим нийт 674 хэргийг хүлээн авч, 436 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 22 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох эсэхийг хэлэлцэж, 25 хэргийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасныг хянан хэлэлцэж, 54 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж, 105 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 56 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 9 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 569 хэргээс нэг шүүгчид 88 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 436 хэргийн 66.1 хувь буюу 288 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.5 хувь буюу 46 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 23.4 хувь буюу 102 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлттэй 22 хэргийн 21 хэрэгт хүсэлтийг хангахгүй орхиж, 1 хэргийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 35 хувь буюу 169 нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 28.4 хувь буюу 137 нь нэхэмжлэгчийн, 13.9 хувь буюу 67 нь өмгөөлөгчийн, 12.4 хувь буюу 60 нь хариуцагчийн, 6.2 хувь буюу 30 нь гуравдагч этгээдийн, 4.1 хувь буюу 20 нь гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцжээ.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 436 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл газрын маргаан 97, төрийн албаны маргаан 84, ашигт малтмалын маргаан 31, татварын маргаан 30, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 20, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 15, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 12, гаалийн маргаан 7, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолтой 3, сонгуулийн маргаан 2, бусад маргаан 135 байна.
Улсын дээд шүүх