Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм.
Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод үндэслэн бүрдүүлнэ.
Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангахаар боллоо.
Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.
Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.
ЗГОНХА