Орхон аймгийн Цагдаагийн газар ирэх сарын 6-ныг хүртэл “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг явуулахаар болжээ. Тус аймагт өнгөрсөн онд залилангийн гэмт хэрэг өссөн байна.
2019 онд залилах төрлийн 114 гэмт хэрэг бүртгэгдэж энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад 37.3 хувиар өсжээ. Иймээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх аяныг зохион байгуулж байгаа аж.
Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгслийг ашиглах болон сүсэг бишрэлийг нь далимдуулж төөрөгдөлд оруулах, нэр хүнд, итгэлийг нь урвуулан ашиглах замаар эд материалын хохирол учруулахыг хэлдэг байна.
Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”–т ажилд оруулж өгнө, гадаадад сургалтад явуулна, ажилд зуучилж өгнө гэх залилангийн хэрэг олон гардаг ажээ. 2019 онд залилангийн улмаас 708.5 сая төгрөгийн хохирол учирснаас 426.1 сая төгрөг буюу 60.1 хувийг нөхөн төлүүлжээ. Өнгөрсөн онд Орхон аймагт 747 гэмт хэрэг бүртгэгджээ.