Олимпийн наадмаар медаль хүртсэн Ираны цорын ганц тамирчин бүсгүй, таэквондогийн спортын тамирчин 21 настай Кимия Ализаде улс төрийн шалтгаанаар эх орноо орхилоо. Тэрбээр энэ талаараа Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Ализаде өөрийгөө “Ираны дарангуйлалд өртсөн олон сая эмэгтэйн нэг” хэмээн нэрлэсэн. Мөн “Тэд намайг хүссэн газар руугаа явуулдаг байсан. Би тэдний ярьсныг өмсдөг байсан. Тэд намайг хэрэгтэй гэж үзсэн үедээ боолчилдог байсан” гэж бичжээ. Ираны спортын салбарынхан “Үнэнч эмэгтэй хөлөө салгаж ч болохгүй” гэж хэлж байсныг Ализаде тэмдэглэсэн аж.
Тамирчин бүсгүйн постоос харахад тэр Европ руу явсан байх магадлалтай байна. Харин хаашаа явсан бэ гэдгийг тодорхой болгоогүй. Ираны ISNA агентлагийн мэдээллээр бол Ализаде нэгдүгээр сарын 8-нд л явах гэж байгаагаа анх мэдэгдсэн гэнэ. Ингэхдээ Нидерланд явсан гэж мэдээлжээ.
“Би таэквондогоороо хичээллэж, аюулгүй нөхцөлд байж, аз жаргалтай, эрүүл саруул амьдармаар байна” гэж Кимия Ализаде тэмдэглэсэн аж.
Кимия Ализаде нь 2016 онд Риогийн Олимпийн наадамд таэквондогийн төрлөөр хүрэл медаль хүртсэн юм. Ализаде Олимпийн наадмаас шагнал авсан Ираны цорын ганц эмэгтэй тамирчин болжээ.
1 comment
aaz zargalgui huuhnuudl muslim erchuudiin bool bolz buh nasaa ongoroodog