Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө 20 000 юанийн хахууль авч, үйлдэл дээрээ АТГ-ын ажилтнуудад баригдсан билээ.
Тэрбээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн автозамын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар мотод (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх хэмжээний буюу Монголбанкны өнгөрсөн сарын 30-ны ханш 391.12 төгрөгөөр тооцвол 7 882 400 (долоон сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийн хахууль авч байсан юм. Зарим хүн түүнийг үйлдэл дээрээ баригдчихаад байхад нь “Албан тушаалыг нь авах гэсэн хүмүүс золиосолж, хэлмэгдүүлж байна” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж, өмөөрөв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Х.Оргил-Эрдэнийг дээрх компанийн эрх бүхий албан тушаалтан БНХАУ-ын иргэний хамтаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч шүүхээс суллах захирамж гаргасан байна. Уг нь НПГ-аас ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих саналаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүргүүлсэн аж.
Гэвч түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нь тус шүүхийн таслан сэргийлэх арга хэмжээ хариуцсан шүүгчээс татгалзсан юм байна. Уг татгалзлыг үндэслэлтэй, эсэхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдэх болтол Х.Оргил-Эрдэнийг хахууль өгсөн хятад иргэнтэй нь хамт сулласан гэнэ.
Харин өчигдөр уг татгалзлыг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатарыг орлож буй шүүгч С.Оюунчимэг хянаад татгалзсан нь үндэслэлгүй хэмээн дүгнэжээ. Тиймээс өнөөдөр тус шүүхийн шүүгч Х.Идэр ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шийдвэрлэх нь.
Бэлтгэсэн: Г.Равжаа
2 comments
Darga bhaar tsarai mun uu kk
Энэнд мэдэж байгаа юм байхгvй л дэ чааваас цаана нь том тулнууд тоглож байгаа