Хойд Солонгосын хөөргөсөн пуужин 700 орчим км ниссэн тухай Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлээс эш татан “Ёнхап” агентлаг мэдээллээ. “Хойд Солонгос улс үл мэдэгдэх пуужинг ням гаригийн өглөө (2017.05.14) 05:47 цагийн үед Пхёнан-Пукто мужийн Кусоны тойргоос хөөргөлөө” гэж мэдэгдэлдээ дурджээ. Нислэгийн зай нь энэхүү пуужин амжилттай туршигдсаныг баталж буй юм.
Токиогийн мэдээлснээр пуужин хагас цагийн турш ниссэнээ Солонгосын Хойг, Японы дундах тэнгист унасан байна. “Kyodo” агентлагийн тэмдэглэснээр БНАСАУ шинэ загварын баллистик пуужин хөөргөсөн байх магадлалтай гэнэ. Учир нь пуужин сансрын хөөргөлттэй адил маш өндөр замыг туулжээ. Үүнээс гадна пуужин 1000 орчим км хөөрсөн байхыг ч үгүйсгэхгүй байна. Эл үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Номхон далайн командлалаас Америкийн зэвсэгт хүчнийхэн БНАСАУ-ын шинэ пуужингийн туршилтад ажиглалт хийсэн гэдгээ ч мэдэгджээ. Нислэгийн замыг харахад энэ бол тив алгасагч баллистик пуужин яавч биш гэж Вашингтоноос мэдээлжээ.
Үүнээс гадна CNN агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын пуужин Оросын Приморын хязгаараас 60 миль буюу 100 орчим км-ийн зайд унасан гэнэ. Нэрээ нууцалсан Америкийн албаныхны мэдээлснээр пуужин Оросын Владивосток нийслэлтэй бүстэй тун ойрхон унажээ. Гэтэл Владивосток хотод ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флот байрладаг гэнэ. Японоос илүү Оросын газар нутагтай ойр унасантай холбогдуулан Орос үүнд нэг их баярлахгүй л болов уу гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Энэ бол Өмнөд Солонгос улсын шинэ Ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин сонгогдож, тангараг өргөснөөс хойших анхны туршилт юм. тус улсын тэргүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах уриалга гаргажээ. Үүнээс гадна тавдугаар сарын 14-ний ням гарагт хөөргөсөн пуужин нь сүүлийн 14 хоногт туршсан анхны туршилт юм. АНУ үүнээс өмнө Пхеньянд цөмийн зэвсэгт боловсруулах, баллистик пуужин хөөргөх хөтөлбөрөөсөө татгалзуулах зорилгоор дарамт шахалт үзүүлэх стратеги баримтална гэж байлаа. Энэ зорилгынхоо хүрээнд Вашингтон хориг арга хэмжээгээ чангатгахаар төлөвлөж байна. Үүнээс гадна АНУ хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэн билээ.
Э.МӨНХЗАЯА